Батлан хамгаалах их сургууль/БХИС/ байгуулагдсаны 95 жилийн ой энэ жил тохиож байна. Үүний хүрээнд хөгжлийн ерөнхий стратегаа боловсруулан гаргасан бөгөөд сургалтын тогтолцоо, агуулга, бүтэц бүрэлдэхүүн зэрэгтээ өөрчлөлт оруулж үндэсний болоод олон улсын стандартад нийцүүлэх, багш, суралцагчдын орчинг сайжруулах, хээрийн сургуулийн орчин бий болгох тал дээр нилээдгүй ажил хийсэн, хийхээр төлөвлөж байгаа гэдгээ мэдээллээ. Татвар төлдөг иргэдийн мөнгөөр үйл ажиллагаагаа явуулдаг гэдэг утгаараа иргэдэд хийж бүтээсэн зүйлээ тайлагнах цаашлаад төлөвлөсөн ажлаа танилцуулах, тэдгээрийг хийж бүтээхэд төр ба иргэдийн оролцоо юу вэ гэдгийг хүргэх үүднээс мэдээлэл хийж байгаа юм байна.
Гадаадын ялангуяа Европын ижил үйл ажиллагаа явуулдаг сургуулиудтай хамтран 40-өөд багшийг мэргэжлийн сургалтанд хамруулсан байна. Мөн Монголын их, дээд сургуулиудын 750 гаруй оюутныг “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамруулж, хоёр сарын хугацаанд сурган бэлтгэжээ. Энэ үйл явцад БХИС-ийн оюутнууд сурж мэдсэн зүйлээ үе тэнгийнхэнтэйгээ хуваалцах боломжийг бүрдүүлсэн тухайгаа мэдээлэл хийх явцдаа хэллээ.
БХИС байгуулагдсанаасаа хойш 70 мянган төгсөгч бэлтгэснээс 40 мянга гаруй нь ямар нэгэн зэрэг, цолтой болж улс эх орныхоо аюулгүй байдал, тусгаар тогтнолын манаанд зогсож байгаа юм. жил бүр тус сургуулийг 600-1000 оюутан төгсдөг байна. Үүнээс гадна Монгол улсын батлан хамгаалах, зэвсэгт хүчний офицеруудын 93 хувь, ахлагчдын 95 хувь нь тус сургуулийг төгссөн гэнэ. Энэ нь Монгол улсын тусгаар тогтнол аюулгүй байдал БХИС-тай зайлшгүй холбоотой гэдгийг илтгэж байна.
БХИС-ийг батлан хамгаалах боловсрол олгох төв болгох, судалгааны сургууль болгох өөрөөр хэлбэл сургалт, боловсрол олгох үйл явцдаа илүү анхаарч ажиллах шаардлагатай байгаа юм байна. Зөвхөн эх орноо хамгаалагчийн хувьд биш бас их өндөр боловсролтой боловсон хүчин бэлдэх шаардлагатай байгаа учир суралцагчдийнхаа орчинг сайжруулах зорилттой байгаа гэнэ.
Тус сургууль нь төсвийнхөө 20 хувийг элсэгчдийнхээ төлбөрөөр бүрдүүлж байна. Гэтэл хуулиндаа бол төр БХИС-ыг 100 хувь санхүүжүүлж хөрөнгө оруулалтаар хангах ёстой байдаг. БХИС-ийн захирал, хошууч генерал Я.Чойжамц хэлэхдээ “Улсын төсөв, эдийн засгийн хүндрэлээс болоод сургалтын орчинд орчин үеийн дадлагын хэрэгсэл дутагдаад байна. Боловсролын яамны багцаас шинэ лаборатори байгуулаад өгөөч гэхээр танайх батлан хамгаалах яамнаас санхүүжих ёстой гээд батлан хамгаалах сайдын багцын төсвөөс 90-ээд хувь нь урсгал зардалдаа явчихдаг. Нэг ёсондоо батлан хамгаалах хөгжлийн бодлого хоцрогдолтой явж байна. Энэ сургууль бол улс орны оршин тогтнох, тусгаар байхын бэлгэдэл гэж хэлж болно. Ийм учраас төрөөс бидэнд анхаарал хандуулаасай гэж хүсэж байна” гэлээ.
Гадаадын орнуудын ийм төрлийн сургуулиудад хамгийн сүүлийн үеийн сайн технологи нэвтэрч байдаг. Суралцагчид технологи бүрдүүлэлт сайтай орчинд бэлтгэгдээд төгсвөл тухайн улс оронд өндөр ач холбогдолтой. Манай улсын хувьд хуучин тенхик дээрээ одоо болтол сургуулилсаар л байна. Ингэх тусам бэлтгэгдэж гарч байгаа суралцагчдын чадамж нь доошлох муу талтай гэнэ.
О.ТЭГШБУЯН