Стэнд бай юу, Хятадын зээл үү?

Хуучирсан мэдээ: 2016.10.13-нд нийтлэгдсэн

Стэнд бай юу, Хятадын зээл үү?

“Яам, агентлагуудаар сонин юутай вэ” дугаартаа энэ удаад Сангийн яамыг онцоллоо.

Халаа, сэлгээг хайр найргүй хийсэн гэх хэл аманд өртөөд буй Сангийн яамны хувьд Монгол Улсын 2017 оны төсвийн хуулийн төслийг УИХ-аар батлуулах даалгавар хүлээж байна. Мөн улс орноо эдийн засгийн хямралаас гаргахын тулд том мөнгө босгох үүрэг нуруун дээр нь бууж буй юм.

Сангийн яам дээрх чиглэлээр хэд, хэдэн хувилбараар ажиллаж байна. Эхнийх нь “Стэнд бай” хөтөлбөр бол нөгөө нь БНХАУ-аас зээл авах эсэх, мөн бага хүүтэй урт хугацаатай хөгжлийн зээл авах эсэх асуудал багтаж буй юм.

“Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах эсэх эцсийн шийдвэрийг Олон улсын валютын сан гаргах бол Хятад улсаас авах зээлийн асуудал нь МАН-ын дарга М.Энхболдын Хятадад хийх айлчлал шийдвэрлэх нөлөө үзүүлнэ гэж улс төрийн хүрээнийхэн харж байна. Харин Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Өмнөд хөршөөс зээл авах эсэх асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ” гэдгээ мэдэгдсэн юм.

Хятад улсаас авах зээлийн хэмжээ урьдчилсан байдлаар 3-4 тэрбум ам.доллар, жилийн 2 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай авах тухай яригдаж байна. Үүнийг Чингис бондын хүүтэй харьцуулахад хамаагүй бага тусна.

Ардчилсан намынхан Засгийн эрхийг барьж байхдаа 1.5 тэрбум ам.долларыг 5-10 жилийн хугацаатай, 4.75 хувийн хүүтэйгээр олон улсын зах зээлээс босгосон юм. Гэхдээ энэнд хэд, хэдэн давуу тал байжээ. Нэгдүгээрт, чөлөөт зээл байсан. Ямар ч нөхцөл тавигдаагүй.

Харин Хятадаас авах зээлийн хүү бага ч эргээд хатуу нөхцөл тавигдах эрсдэл хүлээж буй. Тухайлбал, зээл авсан нөхцөлд өмнөд хөршөөс техник, технологи худалдаж авах, ажиллах хүчнийг нь авах, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нь импортоор авах зэрэг шаардлага тавигдаж мэдэх юм байна. Жишээ татвал, Багшийн хөгжлийн ордонг БНХАУ-ын зээлээр босгоход хятад иргэд ажиллаж, ашиглалтад оруулж байжээ. Мөн Багшийн хөгжлийн ордныг барихад шаардагдаж байсан барилгын түүхий эдийн ихэнх нь өмнөд хөршөөс нийлүүлэгдсэн. Үүн шиг нөхцөл тавигдах бололтой.

Хятадаас авах 3-4 тэрбум ам.долларын зээлийг жилийн найман хувийн хүүтэй ипотекийн зээлд зарцуулах мэдээлэл бий. Энэ тохиолдолд барилгын салбар луу түлхүү зарцуулагдана. Харин дээр хэлсэнчлэн нөхцөл тавигдвал барилга барих ажиллах хүчин нь Хятад, түүхий эд нь мөн урд хөршөөс импортлогдож, авсан зээл нь буцаад тус улс руу орох магадлал нь өндөр болох аж.

Харин Чингис бондыг олон улсын хөрөнгийн зах зээлээс босгоход дээрх нөхцөл тавигдаагүй учраас “Дархан нэхий”, “Эрдэнэт хивс” зэрэг томоохон үндэсний үйлдвэрүүд техник, технологио Европоос оруулж ирж, шинэчлэл хийсэн юм байна. Мөн монголчууд үйлдвэртээ ажилласан. Өөрөөр хэлбэл, Чингис бондын зээлийн хүү Хятадаас авахаар яригдаж буй зээлийн хүүтэй харьцуулахад өндөр байсан ч нөхцөл тавигдаагүйгээрээ давуу талтай байжээ.

“Стэнд бай” хөтөлбөрийн хувьд авч үзвэл мөн нөхцөл тавигдана. Эерэг талаас нь харвал уг хөтөлбөр хэрэгжихэд төсөв илүү хяналттай болж, улстөрчид нь төсвөөсөө хумслаж чадахгүй болох сайн талтай ч мөн л Монголд эргэж үлдэх өгөөж нь бага тусах эрсдэл бийг эдийн засагчид сануулж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Япон улсад албан ёсны айлчлал хийж буй. Эл айлчлалын үеэр урт хугацаат хөгжлийн зээл авах асуудлыг хөндөн тавих болно гэдгийг Сангийн сайд урьдчилан мэдэгдсэн.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж