Цус сэлбэлт судлалын үндэсний төвд нэвтэрсэн шинэ технологийн талаарх нээлттэй өдөрлөгийг өнөөдөр /2016.10.13/ зохион байгууллаа. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын гэрээний дагуу “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн хүрээнд Цусны албанд 2016 он гарснаар олон шинэ технологийг нэвтрүүлж эхэлжээ. Улсын II төв эмнэлгийн ард байрлах Эрүүл мэндийн яамны харьяа Цус сэлбэлт судлалын үндэсний шинэ төвийн барилгын төсөв 3,4 тэрбум төгрөгт багтжээ.
Дээрх төслийн хүрээнд Аферезийн аргаар олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, Вирус идэвхгүйжүүлэх, Цусан бүтээгдэхүүнийг рентген туяагаар шарах технологи зэрэг олон төхөөрмжүүдийг ажиллуулаад эхэлсэн байна.
“Нэг дусал цусаар олон зүйлийг тодорхойлох боломжтой болсон. Аливаа нэг хавдарт нууц үе гэж байдаг. Харин энэ үеийг аппаратны тусламжтайгаар устгах боломжтой. Цусаа өгч байгаа иргэдийн мэдээллийг нууцалдаг. Мөн Улаанбаатар хотоос гадна 21 аймагт цусны салбар төвтэй боллоо. Цус хадгалах лабортори бүрэн хүчин чадалтайгаар ажиллах боломжтой болсон. Мэдээж засвар үйлчилгээний асуудал хянагдаад явна. Мөн цахим албаны мэдээлэл, удирдлагын систем B-SIMS ажилллаж байна. Үүнд үйл ажиллагаа, тайлан мэдээлэл, чанар хяналтын систем болон хүйтэн хэлхээний температур хяналтын систем хянагдаад явдаг. Мөн шаардлагатай цусны нөөцийг орон нутагт тээвэрлэх бүрэн боломжтой болсон” гэдгийг Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал Н.Эрдэнэбаяр дуулгалаа.
Төслийн хүрээнд орж ирсэн эдгээр аппаратууд АНУ-д үйлдвэрлэсэн орчин үеийн шинэлэг технологи бөгөөд цус, цусан бүтээгдэхүүний хадгалалтын байдал горимын дагуу явагдаж байгаа юм байна. Хүний нөөцийн сургалтын асуудал, байр байдал зэрэг хийх ажлууд байгааг дуулгалаа.
ТООН МЭДЭЭЛЭЛ:
- 2016 оны 9 сарын байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 19000 орчим донор цусаа өгчээ
- 2015 онд давхардсан тоогоор 30400 донор цусаа өгчээ
- 1963 оноос хойш давхардсан тоогоор 140 мянган донор цусаа өгөөд байна
- Доноруудаас иргэн Д.Бум-Эрдэнэ 182 удаа цусаа өгчээ. Түүний хувьд цорын ганц алтан донор аж.
- 100-с дээш удаа өгсөн 10 гаруй донор бүртгэгджээ
- Эрэгтэй хүн 2 сард, эмэгтэйчүүд 3 сард нэг удаа цусаа өгөх боломжтой
- Цус судлалын үндэсний төвд 125 нэр төрлийн тоног төхөөрөмж бий. Энэ нь цус цуглуулах, шинэчлэх, хадгалах, тээвэрлэх гээд цогцоор Олон улсын түвшинд бүрэн тоноглогджээ.
- 21 аймгийн салбар төвүүдэд 65 нэр төрлийн төхөөрөмж иж бүрэн суурилагдсан
- Шинжилгээний сорьцыг манай улс 1-3 жилийн хугацаанд хадгалдаг. Харин Япон улсад 10 жил хүртэл хугацаанд хадгалдаг юм байна.
'