Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс нийт хүн амаас түүвэрлэн судалгаа явуулахад дийлэнх нь хөдөлгөөний хомсдол, илүүдэл жин, таргалалтад нэрвэгдсэн байгааг тогтоожээ. Өнөөдөр Нийгмийн эрүүл мэндийн байгууллагынхан хүн амыг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр нээлттэй хаалганы өдөр зохион байгуулсан юм. Энэ үеэр хүн амын дунд таргалалт ихэсч, тэр хэрээр хотжилтын өвчин нэмэгдэж буй талаар дурдсан юм.
Тодруулбал, судалгаанд оролцогч нийт хүн амын 54.4 хувь нь илүүдэл жинтэй, харин 19.7 хувь нь таргалалттай бол 22.3 хувь нь хөдөлгөөний хомсдолтой гэх үр дүн гарчээ.
Хүн оюун ухаанаараа шинэ техник бүтээж, хэрэглээгээ амарчлахын хэрээр энэ нь эргээд эрүүл мэндэд нөлөөлж эхэлжээ. Наад зах нь бид алхах цагаа товчлон машин, унаанд суудаг. Шатаар өгсөхөөс зайлсхийж цахилгаан шат хэрэглэдэг. Өдөржин хоолгүй ажиллаж хэт орой хооллодог. Тамхи, архины хэрэглээгээ хянахаа больсон гэх мэтчилэн шалтгааныг тоочоод барахгүй. Гэвч ийм нөхцөлд Улаанбаатарт л гэхэд дугуйн зам саяхныг хүртэл байсангүй. Тэр ч бүү хэл явган зам ч бага байлаа.
Ийм л нөхцөлүүд иргэдийг “хотжилтын” өвчин гээчид хүргэжээ. Гэхдээ энэ өвчнөөр нийтээрээ өртсөн ч та өөрөө л хичээж эмчилж чадна гэдгийг эмч нар сануулж байна.
Суугаа ажилтай хүмүүс нэмэгдсэн энэ үед оффисын ажилтнууд “хотжилтын” өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ гэх асуултыг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн эрүүл мэндийг дэмжих сургалт судалгааны аргазүйн төвийн эрдэм шинжилгээний ажилтан А.Оюунзулд тавилаа.
Өглөөний цайгаа тогтмол ууж ажилдаа явах.
Ажилтнууд эрүүл байж ажил амжилттай ахих тул дарга нар идэвх санаачлагатай ажиллах. Ажил эхлэх, эсвэл ажлын дундуур 10 минутыг дасгал хөдөлгөөнд зарцуулж, бүх нийтээр хийж хэвших.
Байгууллагынхаа цайны газарт зөв хооллолтын зөвлөгөө, мэдээллийг байршуулах.
Бичиг, цаасны ажил зөөхдөө цахилгаан шат бус шатаар алхаж хэвших.
Хэрэгтэй зүйлсээ хол газарт байрлуулж бөхийх, тонгойх хөдөлгөөн хийх.
Компьютерын ард цаг суусан бол ядаж таван минут цонхоор алсын бараа харж нүдээ амраах.
Зөв хооллолтын дүрмийг өөртөө гаргаж хэвших
Албан байгууллагаараа 14 хоногтоо нэг ууланд авирах гэх мэтчилэн наад захын амар, хялбар хэвшлийг өөртөө бий болгохыг сануулж байна.
Б.ЗАЯА