Тод гэрэлд унтаж чадахгүй, хөлийн чимээ гарах төдийд сэрдэг, гүйцэтгэж амжаагүй ажлаа байн байн бодож, шаналдаг бол та аль хэдийн стресст орж, сэтгэцийн эмгэгээр өвдөж эхэлжээ. Монгол зургаан хүн тутмын нэг нь, дэлхийн дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэцийн эмгэгтэй болсон гэсэн мэргэжлийн байгууллагын судалгаа байна. Мөн иргэдийн хөдөлмөрийн чадвараа алддаг өвчнүүдийн тав нь сэтгэцийн эмгэг болжээ. Сэтгэцийн эрүүл мэндийн төвөөс 2013 онд хийсэн судалгаагаар насанд хүрсэн хүмүүсийн 18.5 хувь нь сэтгэл түгшилттэй, 17.1 хувь нь нойрын эмгэгтэй, 16.2 хувь нь мэдрэл сульдалтай, 4.4 хувь нь сэтгэл гутрах эмгэгтэй болсон нь тогтоогджээ.
Сэтгэл санаа нь тайван бус, ажлын ачааллаа даахгүй шантрах, амархан уурлан бухимдаж, барьсан тавьсан амархан мартаад байвал иргэн та стрессээр өвчилж эхэлсний илрэл гэж эмч дүгнэлээ. Иймээс яаралтай сэтгэл зүйчид хандан, сэтгэл заслын эмчилгээ тэр дороо хийлгэдэг байх шаардлагатай аж. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээр дугаарласан иргэдийн тоо 100 хүрч, нэг сарын хүлээлт үүссэн байна. Архаг ядаргаанд орж эмчилгээ хийлгэхийг хүссэн нэг иргэн дор хаяж 7-10 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх ёстой. Харин хүүхдийн тасагт нь өнөөдрийн байдлаар 14 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 5 нь компьютер тоглоомд донтож, мэдрэлийн ядаргаанд орсон оноштойгоор эмчлүүлж буй юм. Хүүхэд стресстэж, сэтгэцийн эмгэгээр өвдөх гол шалтгаан нь гэр бүлийн тогтворгүй байдал, хүчирхийлэл, сургуулийн орчин дахь хүүхдүүд бие биеэ гадуурхах, гар утас, компьютерийн хэрэглээг хэтрүүлэх явдал гэнэ.
Архаг ядаргаанд орж, сэтгэл санаа тайван бус боллоо хэмээн Сэтгэцийн эрүүл мэндийн төвөөс тусламж хүсдэг хүмүүсийн дийлэнх нь эмэгтэйчүүд. Эрчүүдийн тухайд сэтгэцийн эмгэгээ архи, тамхиар дарах гэж оролдон донтдог аж. Сэтгэцийн эмгэгээр ингэж өвдөх иргэдийн тоо жил ирэх бүр огцом нэмэгдэх болсон гэж эмч ярилаа. Тухайлбал солиорох эмгэг 10 мянган хүн тутамд 2008 онд 2.37 хувь, стрессийн эмгэг 2000 онд 15.69 хувь байсан бол 2008 онд 18.05 хувь болж өссөн байх юм. Иймээс стресс төдийд эмчид хандаад байхдаа яах бэ гэсэн хандлагаасаа ухарч, сэтгэл засах эмчилгээг авдаг болохыг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нар зөвлөж байна. Монголчуудын ихэнх нь сэтгэл санаа тайван бус, ажилдаа хойрго хандаж ажил үйлс нь бүтэлгүйтээд ирвэл бөө, лам нарт хандахаас биш сэтгэл судлаачид очоод байдаггүй гэлээ.
Сэтгэцийн эмгэгээр хэн ч, хэзээ ч өвдөж болдог бөгөөд өдөр тутмын бухимдал зан үйлийн өөрчлөлт нь архи, тамхи, мансууруулах бодист донтон, хүчирхийлэгч болж гэмт хэрэг үйлдэх хүртэл эрсдэлд оруулдаг аж.
Зураглаач Н.БАТМӨНХ