3000 гаруй хүүхэд цэцэрлэгтээ явж эхэлжээ
Есдүгээр сарын 1-нд “гэртээ цоожлуулж үлдсэн” багачуудаас 3000 гаруйг нь нэмж цэцэрлэгт хамруулах тухай чихэнд чимэгтэй мэдээг сар орчмын өмнө нийслэлийн удирдлагууд өгсөн. Өөрөөр хэлбэл, сугалаанд хожиж чадаагүй, цэцэрлэггүй хоцорсон хүүхдүүдийг улсаас хувьсах зардал гаргаж, боломжтой хувийн цэцэрлэгүүдэд өгөхөөр болсон юм.
Тэгвэл хувийн цэцэрлэгүүд ийнхүү нэмэлт элсэлтээ энэ долоо хоногоос авчээ. Нийслэлийн Боловсролын газрын өгсөн мэдээллээр Баянгол дүүрэгт 27, Баянзүрх дүүрэгт 35, Сүхбаатар дүүрэгт 9, Сонгинохайрхан дүүрэгт 23, Чингэлтэй дүүрэгт 14, Хан Уул дүүрэгт долоон хувийн цэцэрлэг хүүхэд авсан гэх тооцоо гаргажээ. Гэхдээ орон тоо нь гүйцээгүй хувийн цэцэрлэгүүд хэдэн хүүхэд нэмж авах боломжтой тоогоо нийслэлд өгсөн байна. Улмаар энэ тоонд үндэслэж тухайн цэцэрлэгтэй ойр амьдардаг өрхийн хүүхдийг хамруулжээ. Хувийн цэцэрлэгүүд бүртгэлээ есдүгээр сарын 20, 21-ны өдрүүдэд хийсэн байна. Ингээд энэ даваа гаригаас хүүхдүүдээ хүлээж авчээ.
“Хүүхэд дүүрсэн тул элсэлт аваагүй”
Хүүхэд нэмж авсан цэцэрлэгийн жагсаалтад багтсан Баянзүрх дүүргийн “Сэргэлэн жаалууд” цэцэрлэгийг зорив. Энд 59 дүгээр цэцэрлэгийн харьяалалтай хүүхдийг бүртгэх учиртай. Гэвч тус цэцэрлэг нэмж хүүхэд аваагүй байна. Учир нь 85 хүүхдийн хүчин чадалтай тус цэцэрлэгийн орон тоо энэ жил дүүрч, нэмэх боломжгүй болсон гэв. Уг нь өнгөрсөн жил тус цэцэрлэгийн хүүхдийн тоо гүйцээгүй учраас 15 хүүхэд нэмэх хүсэлтээ нийслэлийн Боловсролын газарт илгээжээ. Гэвч энэ жил нөхцөл байдал өөрчлөгдсөн тул нийслэлийн зардлаар хүүхэд авах боломжгүй болсон байна. Харин тус цэцэрлэгт орох хуваарьтай хүүхдүүдийг хаашаа өгснийг тодорхой мэдэхгүй хэмээн ажилтан нь тайлбарлалаа.
“Сэргэлэн жаалууд” цэцэрлэгт орох байсан хүүхдийн асуудлыг хэрхэн шийдсэн талаар тодруулахаар 59 дүгээр цэцэрлэгийг зорив. 59 дүгээр цэцэрлэг одоогоор 274 хүүхэд хүлээн авчээ. Үүнээс гадна 100 гаруй хүүхэд эднийд харьяалагддаг. Тиймээс тэдгээр хүүхдийг цэцэрлэгт нэмж хамруулах шаардлага гарчээ. Ингээд эдгээр хүүхдийн 65-ыг нь “Жаргалан-2” гэх хувийн цэцэрлэгт нэмэлтээр оруулсан байна. 59 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч С.Уранчимэг “Ер нь хувийн цэцэрлэгүүд хүүхэд нэмж авахдаа дургүйлхсэн зүйл байхгүй, харин ч нааштай хүлээж авсан. Өөрсдийн боломжит тоогоо өгөөд хүүхэд нэмж авсан” гэлээ.
“60 хүүхэд нэмж авчээ”
Дараагийн цэцэрлэг бол Баянзүрх дүүргийн “Жаргалан-2” юм. Цэцэрлэг тарах цаг таарснаас эцэг, эхчүүд хүүхдээ авахаар үүдэнд ирцгээжээ. Тэдний дунд 30 орчим насны эмэгтэй утсаар ярин зогсоно. “Хүүгээ цэцэрлэгт өгч чадаагүй гээд гонгиноод байсан чинь бүр хувийн цэцэрлэгт хамруулчихлаа. Ёстой азтай таарлаа” хэмээн ярив.
Эрхлэгчийн мэдээлснээр тус цэцэрлэг энэ удаад 60 хүүхэд нэмж авчээ. Ингээд энэ даваа гаригаас ангид нь оруулсан байна. Хүүхдүүд цэцэрлэгтээ явах дуртай, давгүй сайхан байгаа гэв. Харин санхүүжилтын тухайд одоогоор орж ирээгүй байгааг хэллээ. Гэхдээ хүүхдүүдээ аваад удаагүй учраас энэ сарын дундуур өгөх мэдээлэл бий гэв. Тус цэцэрлэгийн захирал “Цэцэрлэгүүдэд олгох мөнгө төсөвт төвлөрсөн бэлэн байгааг бидэнд дуулгасан. 10 сараас хүүхдүүдээ авсан учраас энэ сарын дундуур л олгох болов уу” гэсэн юм. Ямартай ч тус цэцэрлэгийнхэн хүүхэд нэмж бүртгээд хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа гэлээ.
“Цэцэрлэгүүдэд хувьсах зардлыг олгоогүй байна”
Эндээс гараад Сүхбаатар дүүргийн “Гоц жаалууд” цэцэрлэгийг зорилоо. Энд 135 дугаар цэцэрлэгийн харьяалалтай 15 хүүхдийг нэмж авчээ. Эрхлэгч Н.Энхчимэгийн хэлж буйгаар хоёр, гурван настай багачууд шинэхэн ангидаа ороод удаагүй, жаахан бишүүрхүү байгаа аж. Харин эцэг эхчүүд нь хүүхдээ цэцэрлэгт хамруулсандаа баяртай байгаагаа өдөр бүр илэрхийлдэг гэж байлаа.
Тус цэцэрлэгт ч одоогоор хувьсах зардлыг нь олгоогүй аж. Эрхлэгч “10, 11, 12 сарын хувьсах зардлыг хамтад нь олгох мэдээлэл өгсөн. Гэхдээ одоогоор ороогүй байгаа” гэлээ.
“Улсаас 1.4 тэрбум төгрөг төсөвлөжээ”
Цэцэрлэгийн хүүхдийн нэг жилийн хувьсах зардлыг 807 800 төгрөг, нэг өдрийн хоолны мөнгө нь 1650 төгрөг, сарын хоолны төлбөр нь 36 000 төгрөгөөр тооцох юм. Цэцэрлэгт нэмж хамрагдсан хүүхдийн хувьсах зардал, хоолны мөнгөнд улсын төсвөөс нийтдээ 1.4 тэрбум төгрөг зарцуулахаар тооцоолжээ. Харин цэцэрлэгүүдэд хэзээнээс олгох талаар нийслэлийн Боловсролын газраас тодрууллаа. “Цэцэрлэгүүдийн хувьд дөнгөж энэ сарын 3-наас л хүүхдээ авч эхэлсэн. Хувьсах зардлыг энэ сарын дунд гэхэд олгоно” гэж мэдээллээ.
Б.ЗОЛЗАЯА
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Н.БАТМӨНХ