- Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ээс санаачлан зохион байгуулж буй “Ерөнхийлөгч сэтгүүлчидтэй” уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцлоо. Тэрбээр энэ үеэр:
“Эрдэнэт үйлдвэрийн тоос шороонд хутгалдаж явсан үе бий. 10 дугаар ангиа төгсөөд анх би тэнд ажилд орж, анхны цалингаа авч байсан. “Эрдэнэт”-ээс Ардын их хурлын депатутаар сонгогдсон.
“Эрдэнэт”-д миний хувийн сонирхол байхгүй, цаашаагаа сайн яваасай гэсэн сонирхол л бий.
“Эрдэнэт”-ийн асуудлыг ҮАБЗ-өөр яриагүй. Ярих ёстой гэсэн хууль тогтоомж байхгүй.
- Засгийн газрын /2016.10.05/ ээлжит хуралдаанаар “Боловсролын зээлийн сан байгуулж”, Оюутны хөгжлийн зээлийн журмыг баталсан. Үүнтэй холбогдуулж БСШУС-ын сайд Ж.Батсуурь нэмэлт тодруулга өглөө.
Тухайн оюутан 2.0-оос дээш голч дүнтэй суралцдаг бол барьцаагүй зээлийг урт, богино, хүүг бууруулах гэсэн гурван хэлбэрээр авах боломжтой. Зээл жилийн 5 хувийн хүүтэй бөгөөд оюутнууд сургуулиа төгссөнөөс хойш 10 жилийн дотор эргүүлж төлөх болзолтой юм.
Зээлийг улсын төсвөөс эргэн төлөгдөх хэлбэрээр олгож байгаа учир 4-5 жлийн дараа гэхэд Оюутны хөгжлийн зээлийн сан бүрдэх боломжтой. Иймээс ирэх оны төсөвт 100 тэрбум төгрөг тусгасан гэж сайд Ж.Батсуурь хэллээ.
- УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам хамтран “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлгийг Төрийн ордноо зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Оюундарь ахалж, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Х.Нямбаатар, М.Оюунчимэг, Б.Ундармаа, А.Сүхбат, Ц.Цогзолмаа, Б.Саранчимэг, Ц.Гарамжав, Ж.Ганбаатар, Д.Ганболд, Д.Оюунхорол болон холбогдох бусад байгууллагын төлөөлөл оролцов.
- УИХ-ын чуулган 52,6 хувийн ирцтэй өчигдөр эхэллээ.
Чуулганаар хэлэлцэх асуудлын эхэнд багтсан Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлгийг хийж эхэллээ.
Хуулийн төслийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танилцуулав.
Тэрбээр, "Төсвийн алдагдал төсвийн зарлага хэт давсан гэдгийг Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагууд судалгаандаа дурдсан байна. Засгийн газар цаашид төсвөөс гадуурх аливаа зүйлд санхүүжилт хийхгүй байх бодлого баримтална. 2017 оны төсвийн төслийг боловсруулахдаа “Оюутолгой”, “Тавантолгой”, “Тавантолгойн цахилгаан станц” гэх мэт төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Эдийн засгийн бодит өсөлт 3% байхаар тооцсон. Ирэх 2017 онд шинээр татвар бий болгохгүй, татварын хувь хэмжээг нэмэгдүүлэхгүй байхаар тооцоолсон. Мөн төрийн өмчид зарим компанийг хувьчлах асуудал яригдана" гэлээ.
- Засгийн газар хэрэв “Стэнд бай” буюу “Богино хугацааны зээлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх яриа хэлцэлд хүртэл дараах нөхцөл байдлыг анхаарч үзэх хэрэгтэй гэсэн байр суурийг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо /МҮЭХ/-ноос илэрхийлж, өчигдөр хэвлэлийн хурал хийлээ.
МҮЭХ Засгийн газар Олон улсын валютын сан /ОУВС/-тай харилцан тохиролцож, уналтад орсон эдийн засгаа тогтворжуулахын тулд “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх болбол хамгийн түрүүнд зээлийн гэрээний нөхцөлөө иргэдэд танилцуулах ёстой гэж үзэж байгаа гэв.
- Төрийн орон сууцны корпораци /ТОСК/-ийн шинэ захирлыг Засгийн газраас өнгөрсөн Даваа гаригт /2016.10.03/ томилсон байна.
Монгол Улсын Ерөнхий сайд асан, Төр нийгмийн зүтгэлтэн П.Жасрайн ач хүү Ж.Хичээнгүй ТОСК-ийн Ерөнхий захирлын албан тушаалыг хүлээн авч, ажилдаа оржээ.
Тэрбээр өмнө нь ТОСК-ийг Орон сууцны санхүүжилтийн корпораци /ОССК/ нэршилтэй байхад дэд захирлын албан тушаалыг хашиж байсан юм. Мөн ШӨХТГ-ын даргаар Т.Аюурсайханыг ажиллаж байх үед тус газрын Эрх зүй, дотоод хяналтын газрын даргаар ажиллаж байсан билээ.
- Хүндийн өргөлтийн мастерсын ДАШТ Германд боллоо. Тус тэмцээнд 47 орны ахмад тамирчид өрсөлдсөнөөс манай улсаас гурван туйванч оролцож, өндөр амжилтыг үзүүллээ.
Эмэгтэйчүүдийн +75 кг-ын жинд өрсөлдсөн Ц.Оюунчимэг огцомоор 55 кг, түлхэлтээр 78 кг-ыг өргөж, нийлбэрээр 133 кг-ыг өргөсөн амжилтаар мөнгөн медаль хүртлээ. Түүний жинд нийт 14 тамирчин өрсөлджээ.