Шинэ станцийн ТЭЗҮ-г БНХАУ-ын компани боловсруулж байна

Хуучирсан мэдээ: 2016.10.07-нд нийтлэгдсэн

Шинэ станцийн ТЭЗҮ-г БНХАУ-ын компани боловсруулж байна

ДЦС-III ТӨХК-ийн Ерөнхий инженер Ү.Төмөрхуягтай өвөлжилтийн бэлтгэл ажил болоод тус ДЦС-ын нэгдүгээр шатны өргөтгөл, ДЦС-III-ын хоёрдугаар шатны өргөтгөлийн техник эдийн засгийн үндэслэл, станцын хувьчлалын талаар ярилцлаа. ДЦС-III нь суурилагдсан хүчин чадлын хувьд улсад хоёрдугаарт ордог бөгөөд нийслэл Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний хэрэглээний 40 хувь, улсын цахилгааны эрчим хүчний хэрэглээний 30 гаруй хувийг хангаж 80 гаруй уур хэрэглэгч үйлдвэрүүдэд технологийн уур түгээж байдаг. Тус үйлдвэр нь 1968 оноос 1983 он хүртэл таван удаагийн өргөтгөлөөр нийт 634.1 сая төгрөгийн санхүүжилтээр боссон юм.

-ДЦС-III өвлийн бэлтгэл ажил дууссан уу? Дуусаагүй бол хэдэн хувьтай явна.

-Яг одоо өвлийн их ачаалалд оролцдог үндсэн тоноглолын өвлийн бэлтгэл ажил одоо 84 хувьтай явна. Нүүрс, мазутын нөөцлөлт, барилгын их засвар гээд станцын бусад өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөөгөөр бол 92 хувьтай явж байна. Арваннэгдүгээр сарын эхний 10 хоногт ДЦС-III өвлийн бэлтгэл ажлыг 100 хувь хангахаар төлөвлөгөө гаргаад бид ажиллаж байгаа. Их засварын ажил дуусвал ирэх өвөл ямар нэгэн доголдолгүй ажиллах боломж бүрэн дүүрэн хангагдсан гэж ойлгож болно.

-Станцын гол түүхий эд бол нүүрс. Нүүрсээ хангалттай хэмжээнд нөөцөлж татаж авсан уу?

-Нүүрсний нөөц өнөөдрийн байдлаар 15 хоногийн нөөцтэй. Мазут, нүүрс хоёрын нөөцийг ирэх сарын 15 гэхэд дор хаяж 20 хоногийн нөөц бүрдүүлсэн байх ёстой. Нөөц бол бүрдэх бүрэн боломжтой. “Багануур”-ын уурхайд станц ямар нэгэн өр төлбөр байхгүй. Илүү төлөлттэй яваа. Тийм учраас түүхий эдийн нөөцлөлтийн хувьд санаа зовох зүйлгүй. “Багануур”-ын уурхайгаас нэг тонн нүүрсийг төмөр замын зардлыг нь оруулан тооцвол 32300 төгрөгөөр авч байгаа.

Санхүүжилтийн бололцоогүйгээс үүдээд үндсэн тоноглолын их засварыг дутуу хийвэл тухайн өвөл нь гэнэтийн аваар гарч, станцын үйл ажиллагаа доголдох аюул бий. Гэхдээ энэ жил галлагааны үндсэн зуух буюу тоноглолуудыг засварлах хангалттай төсөв суулгаж, засвараа хийж буй болохоор өвлийн их ачааллын үеэр найдвартай, алдаа гаргахгүйгээр ажиллах нөхцөл бүрдэж байгаа.

-Тэгэхээр өвлийн эд хүйтэнд ДЦС-III-т гэнэтийн системийн осол гарч, Улаанбаатар хот цахилгаан тасалдах эрсдэл гарахгүй гэж итгэж болох уу?

-Хоёр жилийн өмнө системийн хэмжээний том осол гарч байсан. Гэхдээ зун л даа. Станцын үндсэн галлагааны зуух алдаа зааж зогсон системийн тогтворгүйжилд үүсээд тэг зогсох тохиолдол гарсан. Тухайн үед ОХУ-аас импортоор цахилгаан худалдан авч, хэрэглээгээ хангаж байсан. Гэхдээ одоо бол хэчнээн хөрөнгө, мөнгөний дутагдалтай байсан ч тийм нөхцөл байдал үүсэхгүйн тулд галлагааны зуухуудаа засварлаж, өвөлд бэлтгэж байна. Тэгэхээр өвлийн эд ачааллын үед тэг зогсолт хийж улс орныхоо онцгой байдлыг алдагдуулахгүй. Станцуудын тоног төхөөрөмж ч ийм аюултай нүүр тулхуйц хэмжээнд гэмтэж, зогсоогүй. Нөгөө талдаа болзошгүй гэнэтийн аваарын улмаас хурдан шуурхай ажиллаж чадаагүйгээс гэнэтийн осол гарахыг үгүйсгэхгүй. 1000-ны хувиар яривал ийм эрсдэл үүсэх маш бага магадлалтай.

-Зарлага нь орлогоосоо байнга давдаг гэж ярьдаг байсан дулааны цахилгаан станцууд сүүлийн хоёр жилд ашигтай ажиллаж эхэлсэн мэдээлэл байна. ДЦС-III-ийн орлого нь нэмэгдсэн үү?

-Өнгөрсөн жил 600 орчим сая төгрөгийн ашигтай ажилласан. Гэхдээ 130 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ДЦС-III-т бол энэ мөнгө нь том хэмжээний ашиг биш. Ашгийн хэмжээг хувьчилбал нэг, хоёр хувьд л хүрч байна. Үүнийг өндөр ашигтай ажиллаж байна гэж хэлэхэд хэцүү.

-Эрчим хүчний зохицуулах хорооноос нэг кВт цагийн цахилгааны үнийн тарифыг хэрэглээнээсээ хамаараад 98.40-209.80 төгрөг гэж шинэчлэн тогтоосон. Ер нь нэг кВт эрчим хүчийг хэчнээн төгрөгөөр үйлдвэрлэж, хэдэн шат дамжлагаар дамжиж иргэд ийм үнээр очдог вэ?

-Нэг кВт цагийн эрчим хүчний тарифын 60 хувь нь цэвэр эрчим хүч үйлдвэрлэсэн өртөг. Дамжуулах, түгээх үйл ажиллагаанд үлдсэн 40 хувь нь шингэж, иргэдэд ийм мөнгөн дүнгээр түгээгддэг.

-ДЦС-III нэг жилд сая 200 орчим мянган тонн нүүрс хэрэглэдэг гэсэн статистик байдаг. Жил ирэх бүр нүүрсний хэрэглээ нь нэмэгдэж байгаа тухай ч зарим хэвлэл бичсэн байна билээ. Тэгэхээр түлж буй нүүрсээ дагаад таны станцын нэг хоногт үйлдвэрлэх эрчим хүч нэмэгдсэн үү?

-Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 142-р тогтоолын дагуу ДЦС-III цахилгаан станцын хүчин чадлыг 50 мВт-аар нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ тогтоолын дагуу БНХАУ-ын Төрийн өмчит “Хунан индастрил эквюпмент инстолэшн” компани түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр станцын өргөтгөлийг барьж 2014 оны зургаадугаар сарын 16-ний өдөр хүлээлгэн өгсөн. “Хунан индастрил эквюпмент инстолэшн” компанийн барьж ашиглалтад өгсөн 50 мВт-ын турбин ашиглалтад орсноор 2014, 2015, 2016 онд бүрэн хүчин чадлаараа ажиллаж 73.8 тэрбум төгрөгийн эрчим хүч үйлдвэрлэсэн. Энгийн үгээр тайлбарлавал 50 мВт-ийн энэхүү өргөтгөл нь 125000 айл өрхийг цахилгаанаар, 8500 өрхийг дулаанаар хангах боломжтой болсон. Өөрөөр хэлбэл энэхүү өргөтгөлийг хийснээр Улаанбаатар хотод шинээр баригдаж байгаа орон сууц, үйлдвэр аж ахуйн газруудын цахилгаан дулааны асуудал шийдэгдсэн, манай станцын эрчим хүчний үйлдвэрлэл нэмэгдсэн. Үндсэн эрчим хүч үйлдвэрлэгч галлагааны зуухын ачаалал буурсан юм. Нийтэд нь тооцохоор манай станц нэг жилд 842 сая кВт цаг эрчим хүч үйлдвэрлэж байна.

-Энэ өргөтгөлийг барих хөрөнгө хаанаас гарсан юм?

-Чингис бондын хөрөнгөөр Хөгжлийн банкаар дамжуулан З5 сая ам.долларын санхүүжилтээр 11 сарын дотор хэрэгжүүлсэн. Энэ төслийн хүрээнд станцын үндсэн барилгыг 12 х 30 метрээр өргөтгөж, хөргөлтийн цамхгийг болон эргэлтийн усны төхөөрөмжийн барилгыг шинээр барьж, 50 мВт-ын турбин-генератор шинээр суурилуулж, 6,3 /0,4 кВт-ын цахилгааны хуваарилах байгууламж барьсан.

-Ер нь энэ өргөтгөлийн ажил хэр үр дүнтэй болсон бэ? Үр өгөөжөө өгч эхэлсэн үү?

-Мэдээж үр дүнтэй. Хөгжлийн банкнаас санхүүжсэн төслүүдээс хамгийн үр дүнтэй нь болсон гэж хэлж болно. Би манай компани ашигтай ажиллаж байгаа хэлж хэлсэн маань ч энэ төсөлтэй холбоотой.Ер нь БНХАУ-ын Төрийн өмчит “Хунан индастрил эквюпмент инстолэшн” компани манай өргөтгөлийн төслийг хамгийн бага зардлаар маш богино хугацаанд үнэхээр сайн хийж өгсөн л дөө. Манай энэ төсөл эрчим хүчний салбарт 80 оноос хойш бараг хийгдээгүй үр дүнтэй томоохон шинэчлэл бөгөөд яг цагаа олсон хөрөнгө оруулалт болсон гэдгээрээ онцлогтой юм уудаа. Суурлиулсан турбин өнөөдрийг хүртэл ямар нэгэн асуудалгүй ажиллаж байна.

-ДЦС-ийн хоёрдугаар шатны өргөтгөл нь нурах аюултай болсон барилгыг буулгаж, БНХАУ-ын Засгийн газрын урт хугацааны зээлээр өргөтгөл барих ТЭЗҮ боловсрогдож дууссан гэж сонслоо.

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ирэх жилээс ДЦС-ийг 250 мВт-аар өргөтгөнө гэж тусгагдсан. Одоо суурилагдсан хүчин чадал нь 198 мВт байгаа. Үүн дээр 250 мВт-ыг нэмж барина гэхээр тус ДЦС 448 мВт хүчин чадалтай цахилгаан станц болно. Станцын хуучин хэсгийг буулгаад оронд шинэ станц барина гэсэн урьдчилсан ТЭЗҮ-г БНХАУ-ын нэг компани боловсруулсан байгаа. Гэхдээ олон улсын нээлттэй тендер зарлахаар аль ч компани гүйцэтгэгчээр шалгарч магадгүй. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр барилгын санхүүжилтийг шийдэх учир урд хөршийн компани барьж ч магадгүй. Засгийн газар бол БНХАУ-ын компанийн боловсруулсан ТЭЦҮ-г үндэслэж 350 сая ам.долларын хөрөнгө гарган 250 мВт-ын хүчин чадалтай станцын өргөтгөл барина гэж тооцсон байгаа. УИХ-аас Засгийн газарт дээрх өргөтгөлийг барих санхүүжилтийг ол гэсэн үүрэг өгсөн. Удахгүй хөрөнгийн эх үүсвэр нь тодорхой болбол гүйцэтгэгчийг шалгаруулах тендер зарлагдана.

-Өмнөх УИХ, Засгийн газар ДЦС IV, ДЦС-III, ДЦС II, Дарханы цахилгаан станц, Эрдэнэтийн дулааны цахилгаан станц гэсэн цахилгаан эрчим хүч үйлдвэрлэгч ТӨХК-ийн 30 хувийг хувьчлах шийдвэр гаргасан байдаг. ДЦС-ууд хувьд шилжих нь хэр оновчтой вэ?

Хувийн хэвшлийн хөндлөнгийн хяналт, станцын бас ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн удирдлагуудын оролцоотойгоор станцын арвич, хямгач байдал үрэлгэн зардал багасгаад үйл ажиллагаа сайжрахыг үгүйсгэхгүй. Ганцхан ДЦС бол ашгийн төлөө байгууллага гэж хэлэхээс илүү улс орны аюулгүй байдал найдвартай ажиллагаа энэ түрүүнд бичигдэх ёстой. Хувийн хэвшлийн байгууллагууд хамгийн түрүүнд ашиг харна. Онц шаардлагагүй их засваруудыг хийхгүй гээд хэмнэлт гаргах гэж явж байгаад улс орныг нийтийг хамарсан эрсдэлд оруулахыг үгүйсгэхгүй. Хувьчлалаас эмээх ийм л болгоомжлол байна. Түүнээс хувийн хэвшлийн менежментийг муу хэлэх юм алга. Эрчим хүчний зах зээл өөрөө үнэ чөлөөлөгдөөгүй байгаа. Үнийн чөлөөт бирж бий болж байж үнэ чөлөөлөгдөх асуудал хөндөгдөнө. Гэхдээ Монгол Улсад эрчим хүчний бирж байгуулагдахад нэлээн хол зай байна. Ийм нөхцөлд хувийн хэвшлийнхэн ДЦС-уудыг хувьчлах цаг ирээгүй байна. Бизнесийн байгууллага хяналт тавих журмаар тодорхой хувийг бол хувьчилж болох байх.

-Ярилцсанд баярлалаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж