Өлзийгийн галерей: Даниэл Аршам

Хуучирсан мэдээ: 2016.10.07-нд нийтлэгдсэн

Өлзийгийн галерей: Даниэл Аршам

Яруу найрагч, зохиолч Л.Өлзийтөгсийн нүүр номын хуудастаа бичиж буй зураачдын тухай цуврал өгүүллийг news.mn сайт албан ёсны зөвшөөрөлтэйгээр танд хүргэж байна.

Контемпорари урлагийг ойлгоход тийм ч амар биш. Орчин цагийн уран бүтээлчдийн сэтгэлгээг ойлгож хүлээн авахын тулд эхлээд ХХ зууны урлагаа баримжаалах хэрэгтэй. Тиймээс ХХ зууны сор бүтээлийн антологи болон дүрслэх урлагийн түүхийн бусад номыг эх үүсвэр болгон, өөрийн сонголтоор, эхний ээлжинд 50 зураачийн бүтээлээр бяцхан бичвэр бэлдлээ. ӨГ-ийн дугаар бүрээс та зураачдын бүтээлийг задалсан товч тайлал, эсвэл бичил эсээ унших бөгөөд үүний заримыг шууд орчуулж, заримыг нь өөрөө бичсэн болно. ӨГ галерейд тавтай морил!


ӨГ=24 

Даниэл Аршам

Даниэл Аршам цэл залуухан, 1980 онд төрсөн уран бүтээлч. Баримлууд нь архитектур, дизайны ажлын элементийг хослуулсан, экспериментал урлагийн төрөлд хамаарагддаг аж. 91 метр үргэлжилдэг, хиймэл бетон ханаар хийсэн инсталляцийг нь та харж байна. Жинхэнэ бетон шиг л санагдах ханыг ихэд хүч гаргасан мэт хэлбэрээр цоолж, цааш нь цонх болгон давхар давхар нээсэн, маш гоё алслалтай, уран хэллэгтэй энэ ажил яг лабиринт шиг, бас цаг хугацааны аялал шиг.

Бүр алсад нэг хар хүний дүр байгаа биз? Чухам тэр өндөр, ХАР хүн л эдгээр ханыг нэвтлээд, нэвтлээд, цөм цөм цохиод, юу ч болоогүй мэтээр цааш алхчихсан шиг ээ. Миний бодлоор энэ БҮТЭЭГЧ хүний дүр! Уншигч, шүүмжлэгч, үзэгчид бол чулуун хана л гэсэн үг. “Хаалга болгож ханыг би нээлээ. Араас дагаад явагтун!” гэж ТЭР (зураач) хэлэх мэт ээ.

Гэхдээ энэ миний л эргэцүүлэл шүү, өөрөөр унших эрх танд бас бий! Урлагийн үнэ цэнэ ХЯЗГААРГҮЙ ТАЙЛАЛТАЙДАА оршино.

ЭХ СУРВАЛЖ: ӨЛЗИЙТӨГС ЛУВСАНДОРЖ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж