Татварын ерөнхий газар /ТЕГ/-т хэрэгжиж буй ЖАЙКА олон улсын байгууллагын “Монголын татварын албаны татвар хураалтын үйл ажиллагаа болон олон улсын татварын асуудлыг боловсронгуй болгох нь” төслийн хаалтын тайлангийн хурал өнөөдөр "Корпорейт" зочид буудалд боллоо.
Хуралд Сангийн Яамны Төсвийн орлогын хэлтсийн мэргэжилтэн Р.Мягмаржав, Төсвийн орлогын хэлтсийн зөвлөх Э.Санал, Татварын ерөнхий газрын дарга Л.Зориг, ТЕГ-ын газар, хэлтсийн дарга, удирдлагууд, Монгол дахь Япон улсын элчин сайдын яамны 2-р нарийн бичгийн дарга Ёкояма Такаши, ЖАЙКА байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүми тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцлоо.
Хурлаар ТЕГ-ын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга Б.Бадрал "Төслийн үйл ажиллагааны тухай", ЖАЙКА-ийн мэргэжилтэн Ишигүро Хидэаки "Олон улсын татвар ногдуулалтыг сайжруулах талаар цаашид анхаарах асуудал", ЖАЙКА-ийн мэргэжилтэн Күмакүра Шигео "Монголын татварын албаны татвар хураалтын үйл ажиллагааг боловсронгуй болгоход үзүүлсэн дэмжлэгийн үр дүн ба цаашид анхаарах асуудал" сэдвээр тус тус танилцуулга хийж, төслийн үр дүнг хамтран хэлэлцсэн бөгөөд цаашид авч хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааны талаар санал солилцов. Хурлын төгсгөлд ЖАЙКА-ийн төслийн зөвлөх багийн ахлагч Ивашита Кеничиро татварын албанаас уг төсөлд хамрагдан олон улсын татвараар мэргэшиж буй албан хаагчдад батламж гардууллаа.
Монгол Улсад орчин үеийн жишигт нийцсэн татварын албаны тогтолцоо бүрдүүлж, татварын удирдлагыг бэхжүүлэхэд Япон Улсын ЖАЙКА байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн төслүүд томоохон хувь нэмэр оруулсан бөгөөд 1998-2011 онд хэрэгжүүлсэн төслүүдийн хүрээнд татвар төлөгчдөд нэг цэгээр үйлчилгээ үзүүлэх, утсаар зөвлөгөө өгөх үйлчилгээ нэвтрүүлэн, хөндлөнгийн мэдээллийн сан үүсгэх, мэдээлэл цуглуулах, бусад байгууллагуудтай мэдээлэл солилцох тогтолцоог бүрдүүлж, татвар хураалт, өрийн удирдлага, татварын хяналт шалгалтыг боловсронгуй болгоход чиглэсэн ажлуудыг хэрэгжүүлсэн болно.
Мөн татварын улсын байцаагчдыг сургах бүсийн сургалтын төвүүдийг Ховд, Өвөрхангай, Дархан-Уул аймгуудад байгуулан, татварын улсын байцаагчдад зайн сургалт хийх болон дунд сургуулийн сурагчдад татварын боловсрол олгох хөтөлбөр болон сургалтын материалуудыг боловсруулан нэвтрүүлж, 112 татварын улсын байцаагчийг Япон Улсад сургалтад хамруулсан байна.
2014-2016 онд ЖАЙКА байгууллагаас “Монголын татварын албаны татвар хураалтын үйл ажиллагаа болон олон улсын татварын асуудлыг боловсронгуй болгох нь” сэдэвт төслийг ТЕГ-т хэрэгжүүллээ.
Төсөл хэрэгжих хугацаанд олон улсын татварын асуудлаар татварын албаны чадавхийг дээшлүүлэх талаар нэлээд ажил хийгдсэн бөгөөд давхар татварын гэрээ, түүний хэрэгжилт, үнэ шилжилтийн тухай ойлголт, арга зүйн асуудал, мэдээлэл харилцан солилцох, гадаад ажил гүйлгээнд хяналт шалгалт хийх зэрэг сэдвээр хийсэн 12 удаагийн сургалтад давхардсан тоогоор 430, Япон Улсад 53 татварын улсын байцаагч хамрагдаад байна.
Мөн татвар хураалт, олон улсын татварын асуудлаар холбогдох татварын хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах талаар зөвлөмж өгч, “Татвар хураалтын үйл ажиллагааны гарын авлага”, “Татварын өр барагдуулах үйл ажиллагааны гарын авлага”, “Бодит үнэ тодорхойлох аргачлал”, “Үнэ шилжилтийн хяналт шалгалтын гарын авлага”-ын төсөл боловсруулахад хамтарч ажиллаа.
Татварын өр үүссэн даруйд нь татварын төлөгчдөд мэдэгдэн тэдгээрийг цаашид их хэмжээний алданги, торгууль төлөх эрсдэлээс сэргийлж, хуулийн хэрэгжилтийн түвшинг дээшлүүлэх үүрэг бүхий үйлчилгээний төвийг байгуулан ажилтнуудыг нь сургаж, шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэн үйл ажиллагааг нь эхлүүлэв.
Татварын улсын байцаагчдын сургалтад зориулан олон улсын татварын асуудлаар сургалтын материал бэлтгэн Сургалтын төвд шилжүүлж, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага баталсан “Орлого ба Хөрөнгийн Татварын Загвар Конвенци”-ийн Тайлбар, “Үнэ шилжилтийн тулгамдсан асуудлыг үр дүнтэй шийдвэрлэх нь”, “Цахим худалдаа: Үнэ Шилжилт ба Бизнесийн Ашигт Татвар ногдуулах нь” сэдэвт товхимол, Японы ТЕГ-аас гаргасан Үнэ шилжилтийн татвар ногдуулалтын жишээний эмхэтгэл”-ийг орчуулж, “Татварын нэр томъёоны тайлбар толь”-ийг боловсрууллаа.
Эх сурвалж: ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР