Хуучирсан мэдээ: 2016.10.08-нд нийтлэгдсэн

Титмийн эзэн тодорно

Монголд анх удаа болж буй "Face of Beauty International-2016” олон улсын гоо бүсгүйн тэмцээний титмийн төлөө дэлхийн 60 гаруй орны гоо бүсгүйчүүд өрсөлдөж байгаа билээ. Энэхүү гоо бүсгүйн титмийн эзэн өнөөдөр “Корпорэйт” концертын танхимд тодорно.

Э.УРАНГОО УРЬДЧИЛСАН ШАЛГАРУУЛАЛТАД ӨНДӨР АМЖИЛТЫГ ҮЗҮҮЛЖЭЭ

Авьяас чадвар, оюун билэг, гоо үзэсгэлэнгээр дэлхийн олон тэрбум охид, эмэгтэйчүүдэд үлгэр дуурайлал болохуйц нүүр царайг тодруулах зорилготой “FACE OF BEAUTY INTERNATIONAL-2016” тэмцээний ялагч өнөөдөр Улаанбаатар хотноо тодрох гэж байна. Энэхүү гоо бүсгүйн тэмцээнийг “Face of Beauty international” тэмцээний ерөнхийлөгч Мила Мануэл, сардаа 100 гаруй сая хүн шимтэн уншдаг “Missosology” сайтыг үүсгэн байгуулагч, захирал Пави Вэнтура болон “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин нарын шүүгч нар шүүн явуулж байна. Мөн 60 орны гоо бүсгүйчүүдээс гадна Украйны “АМЬД БАРБИ” Валерия Лукьянова шүүгчийн бүрэлдэхүүнд багтсан нь олны анхаарлыг хамгийн ихээр татаж байгаа юм.

"Face of Beauty International-2016” тэмцээний төгсгөлийн шалгаруулалт өнөөдөр “Корпорэйт” концертын танхимд болж, титмийн эзэн тодорно. Энэхүү ёслолыг Монголдоо төдийгүй гадаадын 10 гаруй улсад шууд дамжуулах тул 300 гаруй жуулчид, гадны томоохон хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид ирээд байгаа юм. Энэ жилийн тэмцээнд оролцож буй гоо бүсгүйчүүд “Save the Mazaalai” хэмээх уриан дор нэгдэн, мазаалайг хамгаалах хөдөлгөөнийг дэлхийн сонорт хүргэх зорилготой билээ.

Төгсгөлийн шатны шалгаруулалтын өмнө болдог “Авьяаслаг мисс”, “Усны хувцастай мисс”, “Үндэсний хувцастай мисс”, “Үдшийн даашинзтай мисс” болон “Спортлог мисс”-ийн шилдгүүд тодроод байгаа. Дэлхийн 60 орны миссийн дунд эх орноо төлөөлөн оролцож байгаа Э.Урангоо урьдчилсан шалгаруулалтад өндөр амжилтыг үзүүлжээ.

Дэлхийн 60 орны миссийн дунд эх орноо төлөөлөн оролцож байгаа Э.Урангоо

FACE OF INTERNATIONAL: Шинэ Зиланд улс санаачлан 2012 оноос эхлэн энэхүү тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд цар хүрээ, нэр хүнд нь хурдацтай өсөж, Miss Universe, Miss World, Miss International, Miss Earth тэмцээний дараа тавд бичигдэж эхэлжээ.

MISSOSOLOGY.ORG. Фэйсбүүк хуудаснаа 500 гаруй мянган дагагчтай, сардаа 200 гаруй улсаас 3,7 сая хүн зочилж, ойролцоогоор 95 сая удаа нийтлэлүүдийг нь уншдаг тус сайт олон улсын тэмцээнүүдийн чансааг тодорхойлж, дүн шинжилгээ хийдэг. Өдгөө дэлхийн шилдэг сайтын нэг болсон www.missosology.org-ийн жагсаалтанд FACE OF INTERNATIONAL тэмцээн тавдугаар байрт бичигдэж байна.

Манай улс энэхүү тэмцээнийг зохион байгуулахаар 2013 оноос хойш хүсэлт тавьж байжээ. Ингээд Шинэ Зеланд, Австрали, Тайвань зэрэг орнуудтай өрсөлдөн 2016 онд зохион байгуулах эрхийг өнгөрсөн онд авчээ.

"Face of Beauty International-2016” тэмцээнд оролцохоор дэлхийн 60 гаруй улсын гоо бүсгүй, ерөнхий зохион байгуулагчаар Мила Мануел, “Missosology” сайтын тэргүүлэгч Павее Винтура, загварын агентлагийн захирал шүүгч зэрэг нийт 200 гаруй хүн манай улсад ирээд байгаа юм.

Ч.БОЛОР, Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж