Чуулганаар Цэцийн дүгнэлтийг хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2016.10.06-нд нийтлэгдсэн

Чуулганаар Цэцийн дүгнэлтийг хэлэлцэв

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан өнөөдөр 15:00 цагаас эхлэх ёстой байсан ч МАН-ын бүлэг хуралдаж байна гэсэн шалтгаанаар өдөржин хойшилсоор 18:00 цаг өнгөрч байхад эхэллээ. 

Ингээд хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 09 дүгээр дүгнэлтийг хэлэлцэн, хүлээж авлаа. Хэлэлцүүлгийн явцад дараах гишүүд асуулт асууж, хариулт өглөө.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.САРАНГЭРЭЛ:

  • Нэр дэвшигчийн олон эрхийг хязгаарласан заалтыг Үндсэн хуулийн цэц түтгэлзүүлж байгааг дэмжиж байна. Гэхдээ тухайн үед энэ заалтыг эрх ашиг агуулсан байдлыг хязгаарлах зорилготойгоор оруулж ирж байсан юм. Тиймээс хүний эрхийг дээдэлсэн байдлаар, өөр заалтаар оруулж ирэх асуудлыг судалж байгаа юу?

УИХ-ЫН ГИШҮҮН Н.ЭНХБОЛД:

  • Маргааш байнгын хороо хуралдаж, энэ заалтыг хүчингүй болгоно. Нэр дэвшихтэй холбоотой асуудлыг өөр заалтаар зохицуулаад явах боломжтой гэж үзэж байна.

Ийнхүү УИХ цэцийн 09 дүгээр дүгнэлтийг хүлээж авсан бол үргэлжлүүлэн Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 10 дугаар дүгнэлтийг УИХ хэлэлцлээ.

Хуулийн төслийг танилцуулсны дараа асуулт асуух гишүүн байгаагүй тул санал хураалт явуулахад Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй байхаар болов. Үүгээр УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөж байна.

Маргааш /2016.10.05/ өглөөний 09.30 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах ажээ. 

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж