УИХ-ын үдээс өмнөх чуулганаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлийн хэлэлцэх эсэхийг дэмжээд, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Үүний дараа Үндсэн хуулийн Цэцээс Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж буй Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь заалтыг хүчингүй болголоо.
Орон нутгийн сонгууль дөхөж байгаатай холбогдуулан сонгууль эхлэхээс өмнө Сонгуулийн тухай хуулийн уг заалтыг хүчингүй болгох зорилгоор өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо өнөө өглөө /2016.10.07/ хуралдаж дээрх заалтыг хүчингүй болгохыг дэмжсэн юм. Үүний дараа УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж, хүчингүй болголоо.
Уг заалтад “Нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасагдсаны улмаас дахин сонгууль болсон бол хасагдсан нэр дэвшигч хүн зургаан жилийн хугацаанд сонгуульд нэр дэвших болон төрийн албанд томилогдох, сонгогдох эрхээ алдах ба урьд явагдсан сонгуулийн сурталчилгааны болон зохион байгуулалтын бүх зардлыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан байдаг.
УИХ-ын чуулганаар үдээс өмнө хэлэлцэх асуудал ийнхүү дуусав. Үдээс хойш Ерөнхий сайдад асуулга тавих хуваартай байсан ч Ерөнхий сайд хөдөө орон нутагт томилолттой явж байгаа тул хойшлуулаад, өнөөдрийн хуралдааныг өндөрлүүлж байна.
Т.НОМИН