“Стэнд бай”-г хэрэгжүүлбэл гэрээний нөхцөл ил байх ёстой гэв

Хуучирсан мэдээ: 2016.10.06-нд нийтлэгдсэн

“Стэнд бай”-г хэрэгжүүлбэл гэрээний нөхцөл ил байх ёстой гэв

Засгийн газар хэрэв “Стэнд бай” буюу “Богино хугацааны зээлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх яриа хэлцэлд хүртэл дараах нөхцөл байдлыг анхаарч үзэх хэрэгтэй гэсэн байр суурийг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо /МҮЭХ/-ноос илэрхийлж, өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.

МҮЭХ Засгийн газар Олон улсын валютын сан /ОУВС/-тай харилцан тохиролцож, уналтад орсон эдийн засгаа тогтворжуулахын тулд “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх болбол хамгийн түрүүнд зээлийн гэрээний нөхцөлөө иргэдэд танилцуулах ёстой гэж үзэж байгаа гэв. Тэд,

  • Зээлийн гэрээний нөхцөл, хөтөлбөр хэрэгжих хугацаа нь нийт иргэдэд ил тодорхой байх, нийтээр хэлэлцэн зөвшилцсөн байх,

 

  • ОУВС-тай хийх зээлийн нөхцөлийн гэрээнд эдийн засгийн сэргэлт богино хугацаанд гарах нөхцөлтэйгөөр хийж тохиролцох, 

 

  • Иргэдийн цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж, нийгмийн хамгааллын өмнө хүрсэн түвшнээс дордуулахгүй байх гэсэн гурван асуудлыг Засгийн газарт онцгойлон анхаарууллаа.

"2016 оны эцэст Монгол Улсын эдийн засгийн өсөлт  0.1 хувьд хүрэх үгүй нь эргэлзээтэй буй ийм үед Засгийн газар ОУВС-аас богино хугацааны зээл авах гол зорилго нь иргэдээ тогтмол ажлын байр, орлоготой байлгах. Хэрэв Грек улс тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ авсан татварыг нэмэгдүүлэх, цалин хасах, тэтгэврийн өөрчлөлт шинэчлэлийг хийх зэрэг эдийн засгийн хатуу бодлогыг Монгол Улс дагавал эдийн засаг нь хасах руу зааж, иргэд нь ажлын байргүй, орлогогүй жинхэнэ  хямралд орох аюултай" хэмээн МҮЭХ-ноос Засгийн газарт сануулав. 

Мөн “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үед төсвийн сахилгыг сайжруулах арга хэмжээ авдаг. Энэ нь зүйтэй боловч төсвийн сахилгыг сайжруулах нэрийн дор нийгмийн хамгааллыг дордуулахгүй байхад онцгой анхаарах ёстой гэлээ.

МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Монголын ард иргэдийн хувьд “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлсний дүнд богино хугацаанд эдийн засагт сэргэлт авчирч, эдийн засаг тогтворжсоноор иргэдийн цалин орлого, тэтгэвэр тэтгэмж нэмэгдэх сайн үр дагаврыг хүлээж байгаа. Иймээс Засгийн газрын зүгээс ард иргэддээ ээлтэй өгөөжтэй хөтөлбөрийг сонгон үр дүнтэйгээр хэрэгжүүлэх ёстой” гэж тайлбарлалаа.


МОНГОЛ УЛС ӨМНӨ НЬ ХОЁР УДАА “СТЭНД БАЙ” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙВ

Монгол Улсын тухайд ОУВС-тай өмнө нь хоёр удаа хэлцэл хийж, “Стэнд бай” хөтөлбөр хэрэгжүүлж байв.

Тухайлбал, шилжилтийн эдийн засгийн эхэн үе буюу 1991 оны аравдугаар сард эдийн засгийг тогтворжуулах, ажилгүйдлийг бууруулах зорилгоор 13.7 сая ам.доллар авч ашиглаж байжээ.

Үүний дараа 2009 онд 300 орчим сая ам.долларын хэлцэл мөн хийсэн.

Зарим эдийн засагч 2009 онд “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эдийн засгийн хямралыг богино хугацаанд гэтэлсэн хэмээн дүгнэдэг боловч хэрхэн нөлөөлсөн бэ гэдэг талаар дорвитой судалгаа, дүн шинжилгээ гаргасан зүйл бараг үгүй.

  • Энэ удаа Засгийн газар тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар судалгаа хийн, санал солилцож байгаа ч албан ёсоор хэрэгжүүлэх тухай шийдвэрт хүрээгүй байгаа билээ. 

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж