Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Гончигийн Бирваагийн мэндэлсний 100 жилийн ой 2016 оны аравдугаар сард тохиож байна.
Тэрээр 1936 онд цэргийн албанд татагдаж, цэргийн хөгжимчин болсон тэр үеэс эхлэн хөгжмийн урлагийн төлөө оюун ухаанаа зориулж, жирийн малчнаас Монголын хөгжмийн урлагийн нэрт төлөөлөгч, соёл нийгмийн зүтгэлтэн, Төрийн шагналт хөгжмийн зохиолч болон алдаршсан юм.
Түүний зохиосон “Зандан шоо”, “Гоёхон чимэгч юм уу даа”, “Намын шөнө”, “Эгэл цэрэг”, “Нарны дуулал” зэрэг нийтийн болон хүүхдийн олон арван дуу, “Хөхөө гэрлэх дөхлөө”, “Нийслэл хүү”, Улаан дарцаг”, “Хөдөөгийн баясгалан”, “Баянбулагийхан” зэрэг уран сайхны киноны хөгжмийг мэдэхгүй монгол хүн байхгүй биз ээ.
СУИС-ийн багш, хөгжим судлаач С.Ёндонбат “Монголын орчин цагийн хөгжмийн томоохон төлөөлөгч, соёл нийгмийн гарамгай зүтгэлтэн
Гончигийн Бирваагийн мэндэлсний 100 жилийн тэгш ойг аравдугаар сард тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Манай соёл урлагийн байгууллагууд, түүнчлэн Г.Бирваа агсны төрсөн Баянхонгор аймгийн иргэдийн төлөөлөгчид, Хөгжмийн зохиолчдын иргэдийн хороо, бусад урлагийн байгууллагууд, унаган шавь нар нь энэ бүх ажилд оролцож байна. Гончигийн Бирваа агсны өөрийнх нь гараар бичсэн “90 жилийн дурсамж” гэдэг гурван боть бүтээл энэ үеэр хэвлэгдэнэ. Мөн хүндэтгэлийн концерт Дуурь, бүжгийн эрдмийн театрт болно. Гэрэл зургийн үзэсгэлэн театрын музейд дэлгэгдэнэ” гэлээ.
Г.Бирваа агсаны том хүү, Ардын жүжигчин, найруулагч Б.Мөнхдорж “Манай аав 15 хүүхдийн отгон нь болж мэндэлсэн гэдэг. Аав их хөдөлмөрч хүн байсан. Би аавтайгаа хамт хөгжим тоглож, бичихийг хүсдэг байсан ч тэр үед балчир байж дээ” хэмээн дурсамж хуваалцав.
Г.Бирваа агсан 1936 онд цэрэгт татагдаж, 1953 он хүртэл алба хаахдаа үлээвэр хөгжимчнөөс Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн удирдаачаар ажиллаж байжээ. Тэр үедээ Монголын анхны маршуудыг зохиосон түүхтэй. 1955 оноос Хүүхэлдэйн театр, “Элдэв-Очир” кино театрын хөгжмийн багш, 1957 оноос симфони найрал хөгжмийн удирдаач, 1965 оноос Улсын циркийн хөгжмийн удирдаач, 1967 оноос Монголын хөгжмийн зохиолчдын холбоонд нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 1984 оноос насан эцэслэх хүртлээ чөлөөт уран бүтээлчээр ажиллажээ.
Түүний унаган шавь, Ардын жүжигчин, УГЗ, хөгжмийн зохиолч П.Хаянхярваа гуай “Би 1949 онд Г.Бирваа багшийнхаа шавь болж байлаа. Манай багш хатуу шаардлагатай, мэдлэг зузаан, их чадварлаг хүн байсныг гэрчлэх хүмүүс цөөнгүй байгаа. Улсын хүүхэлдэйн театрын хөгжмийг хөл дээр нь босгосон. Багш өөрөө цэргийн удирдаач хүн байсан. Энэ нь хөрвөх чадвартай гэдгийг нь нотлож байгаа хэрэг. Би багшийгаа гурван үгээр л тодорхойлъё. Миний багш төрөлхийн урлагийн авьяастай, үлээвэр найрал хөгжмийн анхны удирдаач, дээд зэргийн зарчимч хүн байсан” гэлээ.
Э.СОСОРБУРАМ