Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганаар хийлээ.
Хэлэлцүүлгийн явцад УИХ-ЫН ГИШҮҮН Н.УЧРАЛ
-“2015 онд эдийн засгийн ил тод байдлын тухай хууль батлагдсан. Энэ хууль батлагдсанаар энэ он, ирэх онд ямар үр дүн гарч байгаа вэ? НӨАТ-ын хуулийн үр дүнгийн талаар судалгаа шинжилгээ хийгдэж байгаа юу?” гэсэн асуулт тавив.
Уг асуултад ажлын хэсгийн төлөөлөл хариулт өгөхдөө "Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар 33,8 их наяд төгрөгийн хөрөнгө ил болж, 7 их наяд төгрөгийн орлого татвараас чөлөөлөгдсөн. Ингэснээр далд эдийн засаг 10-13 хувиар ил боллоо гэж үзэж байгаа. НӨАТ-ын хууль энэ оны эхнээс хэрэгжиж эхэлсэн. Энэ оны наймдугаар сарын НӨАТ-ын орлогоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 30 тэрбум төгрөг нэмэгдэж, төвлөрсөн" гэв.
УИХ-ЫН ГИШҮҮН Н.ЭНХБОЛД:
- 2017 онд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд өмнөх ТЭЗҮ дээр тулгуурлаад явах уу, эсвэл шинээр ТЭЗҮ боловсруулах юм уу? МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгасан томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх ажил ямар шатанд явж байна вэ?
ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТ:
- “Тавантолгой Төмөр зам”, “Тавантолгой” төслийн ТЭЗҮ өмнө нь хийгдсэн, Гуравдугаар цахилгаан станцын ТЭЗҮ хийгдэж байна. Зарим төсөл дээр ТЭЗҮ хийгдсэн, зарим төслийн ТЭЗҮ хийгдээд явж байна.
Ийнхүү асуулт, хариултын дараа үг хэлэх саналтай гишүүд байр сууриа илэрхийллээ.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТТӨМӨР:
- Орлого нэмэгдүүлэх, зарлага танах асуудлыг сайжруулах шаардлагатай. Санхүүгийн шинэ хэрэгслийг нэмж тусгах нь чухал. Нэгэнт татвар нэмэхгүй гэж байгаа тул татварын шатлалыг нэмэгдүүлэх асуудлыг бодох хэрэгтэй. Төгрөгийн ханшийг сулруулахгүй байх арга хэмжээг авмаар байна. Манайхаас бусад улсад дайн байлдаан болох дээрээ тулна. Төгрөгийн үнэгүйдлийн цаана ард түмэн хохирно. Тиймээс төгрөгийн уналтыг энэ хэмжээнд нь барих, төгрөгийн ханшийг чангалах тал дээр арга хэмжээ авмаар байна. Хамтын тэтгэвэр хэрэгжүүлэх, хүүхдийн мөнгийг 100 хувь өгөх боломжгүй, Хүүхэд харах үйлчилгээг хэрэгжүүлэх мөнгө байхгүй гэдгээ шударга хэлэх хэрэгтэй. Том төслөө хэрэгжүүлснээр эдийн засгийн эргэлт 3 хувьд хүрнэ гэж тооцоолж байна. Том төслийн цаана эдийн засгийн эрсдэл байгаа шүү гэдгийг сануулмаар байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ТЭРБИШДАГВА:
- Төсөв бол хуучин орж ирдэг хэлбэрээр орж ирсэн байна. Оюутолгой л хэдэн төгрөг өгсөн юм байна. Илүүг авах боломж бий. Төрийн өмчийн компанийг хувьчлах асуудлыг яах ёстой вэ гэдгээ анхаарах хэрэгтэй. Эдийн засгийн, Төсвийн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулагдаад 2017 оны төсөвт зарим хүмүүсийн гаргаж байгаа саналыг тусгах хэрэгтэй. 40 тэрбум төгрөгөөр жижиг, дунд үйлдвэрийг /ЖДҮ/ дэмжиж чадах юм уу. ЖДҮ-ийг хариуцсан яамд яг ажил хийж байгаа үйлдвэрээ дэмжих юм бол үүний цаана орлого нэмэгдэнэ. Нөгөө талаас нэмэх ёстой татвараа нэмээч ээ. Архи, тамхи, алтны татварыг нэмэх ёстой. Тиймээс энэ төсвийн төсөл бол ажлын хэсэг гаргаж сайжруулах ёстой төсөв гэж үзэж байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЭРДЭНЭБАТ:
- Мөнгөний нийлүүлэлтийн асуудал дээр 2016 сүүлийн хэдэн сард валютын хадгаламж огцом нэмэгдсэнд гайхаад байна. Валютын хадгаламжийг нийтэд нь харах юм бол төсвийн орлогын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө байна. Тиймээс валютын хадгаламжийн хүүг эргэн хэрэгтэй. Валютын хадгаламжийн хэмжээ өмнө1 тэрбум доллар байсан. Одоо хэд болсныг судлаад энэ тал дээр Засгийн газар, Монгол банк хамтраад ажиллах хэрэгтэй. 36 сарын тэтгэмжийг дахин хэлмээр байна. 2017 оны төсвийн төсөлд 36 сар хүртэл тэтгэмж олгоно гээд оруулаад иржээ. Энэ заалт чинь 36 сарын тэтгэмж өгөхгүй гэсэн үгтэй ялгаагүй.
УИХ-ЫН ГИШҮҮН Э.ЭНХБАЯР:
- Засгийн газар, Ерөнхий сайдад хандаж уриалга гаргамаар байна. Гар утасны ганцхан аппликешн улс орны ирээдүйг өөрчилж байна. Тухайлбал, “Candy crush” гар утасны тоглоом гаргасан “Кинг” компанийн хувьцаа хөрөнгийн зах зээлд 5 тэрбум ам.доллараар зарагдаж байна. Тиймээс манайх мэдээлэл технологийн салбарт хөрөнгө оруулж, энэ салбарыг дэмжих хэрэгтэй. Дараагийн төсвийн тодотголд энэ салбарыг дэмжих бодлого оруулж ирнэ гэдэгт найдаж байна.
УИХ-ЫН ГИШҮҮН С.ЭРДЭНЭ:
- 2017 оны төсвийн төсөл хүлээж байсан хэмжээнд орж ирсэнгүй. Өнөөдөр, маргаашийг аргацаах төдий төсөл орж ирлээ. Өмнөхөө харлуулах гэсэн бодлого чинь маш сөрөг үр дагавар авчирч байгаа шүү. Бий болгосон сайн зүйлээ устгаад байх болохгүй. Өрхийн орлого тодорхойлох судалгааг хийхдээ хэн нэгний тэтгэвэр тэтгэмжийг хязгаарлах зорилгоор хийгээгүй. Хүүхдийн мөнгө бол халамж биш. Хүүхдийн ирээдүйд хөрөнгө оруулж буй хэлбэр. Гэтэл угаалгын машинтай, үгүй, телевизортой үгүйг ялгаж хүүхдэд мөнгө олгохоор болсон харамсалтай байна.
Өнөөдрийн хэлэлцсэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлээд УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан түр завсарлав.
Т.НОМИН