Иргэд түргэн тусламжийн үйлчилгээг удаан ирдэг, дуудлага өгөх үед хэрэггүй олон асуулт асуудаг гэх мэт гомдол гаргадаг. Гэвч тусламжийн үйлчилгээг удаашруулах гол шалтгаан нь иргэд өөрсдөө буюу хуурамч дуудлага өгөгсөд байдаг. 2016 оны эхний найман сарын байдлаар Яаралтай түргэн тусламжийн төвд хандсан дуудлагын 17 хувь нь буюу 152 мянга гаруй нь хуурамч дуудлага байсан гэж Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс мэдээлсэн. Өмнөх жилүүдийнхийг бодвол хуурамч дуудлага энэ жил огцом өссөн бөгөөд ихэвчлэн бага насны хүүхдүүд “саваагүйтэн” залгах тохиолдол их байна.
Түргэн тусламжийн нэг дуудлагын өртөг хамгийн багадаа 28000 төгрөг байдаг гэнэ. Үүнийг 152 мянгаар үржүүлбэл ямар хэмжээний мөнгө гарахыг уншигч та нэг бодоод үзээрэй. Хөрөнгө мөнгө ч яах вэ, хамгийн гол нь хүний амь настай холбоотой гэдэг нь чухал. Хуурамч дуудлагад явж байх хооронд тусламжийн үйлчилгээ авч чадалгүй амь насаа алдаж байгаа тохиолдол их гардаг. Ихэвчлэн өндөр настнууд хуурамч дуудлагын золиос болдог гэж нийслэлийн Түргэн тусламжийн төвийн ажилтан хэллээ.
Хуурамч дуудлага өгсөн дугаарыг үүрэн телефоны компаниуд руу хандан хэрэглээнээс хасах, дугаарын эздийг Захиргааны тухай хуульд зааснаар 5-20 мянган төгрөгөөр торгох эсвэл 7-14 хоног баривчлах шийтгэлтэй байдаг. Гэвч их ажлын хажуугаар хэдэн мянган хүнтэй хариуцлага тооцох зав гардаггүй гэдгийг албаны хүмүүс учирлаж байна.
Эрүүл мэндийн систем нь нийгмийн эрүүл мэндийн боловсрол, эмчилгээний гэх хоёр төрөлд хуваагддаг. Иргэдийн хувьд эрүүл мэндийн боловсрол маш муу байдаг. Жишээ нь, гэр бүлийн гишүүний нэг нь гараа түллээ гэхэд анхан шатны тусламж үзүүлэх чадвартай байх хэрэгтэй. Анхан шатны тусламж үзүүлсний дараа түргэн тусламж дуудвал гэмтэл авсан хүн, гэр бүлийн гишүүд, түргэний эмч нарт гээд аль алинд маань тайван үйлчилгээ авах, үзүүлэх нөхцөл бүрдэнэ. Үүнээс гадна гараа зүсчихээд түргэн тусламж дуудаж байсан тохиолдол ч гарч байжээ. Тусламжийн үйлчилгээ авах гэж яарахын оронд анхан шатны арга хэмжээнүүдээ мэддэг, өрхийн эмнэлэгтээ ханддаг байх шаардлагатайг албаны хүмүүс хэллээ.
Олон улсын стандартын дагуу 10 мянган иргэн тутамд нэг түргэн тусламжийн баг үйлчлэх ёстой. Гэтэл нэг сая 400 мянга гаруй хүнтэй нийслэл хотод өдөрт 40-өөд баг л үйлчилдэг. Ядаж байхад иргэдийн шилжилт хөдөлгөөн ихэвчлэн хот руу чиглэж байдгийг тооцохоор тусламжийн багийн хүрэлцээ маш муу байна. 100-120 тусламжийн багтай болчихвол иргэдийн дуудлагад стандартын дагуу буюу 20 минутын дотор очих боломжтой болно гэдгийг нийслэлийн Түргэн тусламжийн төвөөс олон жил ярьж байна. Өнөө л хөрөнгө мөнгө, түргэний машины хүрэлцээгүй байдал, түргэн тусламжийн төв цөөн байгаатай л холбоотой. Хэрвээ Налайх дүүргийн иргэд түргэн тусламж авах шаардлага гарвал өдрийн цагаар дүүргийнх нь нэгдсэн эмнэлгийн түргэний тэргээр үйлчилнэ. Оройн цагаар Баянзүрх дүүргээс тусламж очно гэсэн үг.
Хүн хүч цөөтэй боловч дуудлага бүрийг алдахгүйг хичээн зорин очиход зарим айл эзгүй байх, замдаа гарсан хойно дуудлагаа цуцлах, дуудлага өгөөгүй гэж мэлзэх тэр бүү хэл уйдсандаа дуудсан юм гэх хүн ч байдаг гэх. Мөн гудамжаар явж байгаа иргэд “Энд зодоон болж байна. Бие биесээ аллаа” гэх утгатай дуудлага өгөөд яваад очихоор хэн ч байхгүй байх тохиолдол маш их гэнэ.
Энэ салбарт тулгамддаг бас нэг асуудал нь иргэдийн хаяг байдаг байна. Дуудлага өгсөн иргэн “Шархадны эцэс. Замын баруун талын өргөн гудамжаар яваад, хойшоо эргээд хэсэг яваад, зүүн талын гудамжаар ороод, долдугаар гудамжны 28 дугаар хаалга шүү. Хурдан ирээрэй” гээд л утсаа тасаллаа. Энэ хаягийг олоход маш их цаг алдана. Бараг л түргэний эмч айлуудаас тус хаягийг асууж сураглаж байж олно. Бас үүнээс илүү тодорхой хаягаа заах арга ч алга. Гудамжийн хаяг тодорхой бус, айлуудын байрлал эмх цэгцгүй, оройн цагаар бол гэрэлтүүлэг муутай. Ийм орчинд түргэн тусламжийн цөөхөн хэдэн баг иргэдийн эрүүл мэндийн манаанд гардаг. Иргэдийн зүгээс хуурамч дуудлага ирэх нь өвчтөнүүдийн амь нас болоод эмч нарын хүч хөдөлмөр, эдийн засагт маш их хохиролтой. Иймээс иргэд үүнийг ухамсарлаж, хүүхдүүддээ тусгай дугаарыг таниулах арга хэмжээ авах шаардлагатай байна.
О.ТЭГШБУЯН