УИХ-ын чуулганаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүд дараах асуултыг асууж, хариулт авсан юм.
УИХ-ЫН ГИШҮҮН О.БААСАНХҮҮ:
- Орлогыг яаж тооцож байгаа вэ? Юуг хэмнэх гэж байгаа юм бэ? Хоёрдугаарт, тодотголоор хасахаас яригдаад байсан эмч багш нарын 36 сарын тэтгэмжийг байхгүй болгосон гэж байсан ч эргээд оруулж байгаа юм шиг байна. Тэлэлтийг яаж тооцоолж байгаа вэ?
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат:
- Төсвийн алдагдлыг санхүүжүүлэх ганц зарчим нь өр тавьдаг. Өнөөдөр зээлийн хүүнд нэг их наяд төгрөг төлж байна. Энэ байдлаар яваад байвал төсвийн хямрал болох магадлалтай. Алдагдалтай байгаа 2,5 их наяд төгрөгийн хувьд эх үүсвэргүй зардлыг бага байлгах алдагдлыг бууруулах чиглэл барьсан. Эмч, багш нартай холбоотой 36 сарын тэтгэмж төсвийн зардал талдаа ороод явдаг.
УИХ-ЫН ГИШҮҮН Л.БОЛД
- Засгийн газар өмнө нь татвар нэмэх хэвээр байгаа гэж мэдэгдэл хийж байсан. Гэтэл өнөөдөр татвар нэмэхгүй байхаар болсон гэж мэдэгдлээ. Тун удахгүй орон нутгийн сонгууль болно. Тиймээс хэсэг хугацаанд аж ахуй нэгжээ хуурч байгаад сонгуулийн дараа аж ахуй нэгжүүд рүү дайралт хийх гэж байгаа бол буруу улс төр болно шүү. Сонгууль болгонд зориулж хадны мангаа бий болгодог зүйлээ боль. УИХ-ын сонгуулийн өмнө “Эрдэнэт”-ийг идчихлээ гэж хэлээд танай нам олон тойргийг өөрийн болгосон. Одоо яагаад “Эрдэнэт”-ийн талаар мэдээлэл өгөхгүй байгаа юм бэ. УИХ-ын сонгуулиас хойш дөрвөн сар өнгөрчихлөө. Яагаад өнөөдрийг хүртэл энэ асуудлыг нэг тийш болгоод шийдчихэж болохгүй байгаа юм бэ? Хэн хулгайчийг бариарай гэж орилдог билээ. Түүн шиг юм болох гээд байгаа юм биш үү.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат:
- Татвар нэмэх асуудал өмнөх төсвийн тодотголын үеэр яригдаж байсан асуудал. Гэхдээ татвар нэмэхдээ нийтийг хамарсан татвар нэмнэ гэж яриагүй. Тухайн үед МАН-ын бүлэг дээр ярьж байгаад "Хойшлуулах нь зүйтэй" гэж шийдсэн. Жижиг болон дунд бизнес эрхэлж байгаа аж ахуй нэгжээс татвар авах шаардлага байхгүй. Өнөөдөр яагаад татвар нэмэх асуудлыг оруулж ирээгүй вэ гэхээр аж ахуй нэгжүүд хүнд байдалд байна. Тиймээс татвар нэмэх асуудлыг оруулж ирээгүй. “Эрдэнэт”-тэй холбоотой асуудал дээр бол бид ил болгосон. Тухайлбал, өмнөх Сангийн сайдын шийдвэрийг Засгийн газар хүчингүй болгосон. Ингэснээр төр өөрийн эрх мэдлийн 51 хувийг хариуцаад явна.
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТЗАНДАН
- Валютын сангийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах гээд байна гэсэн мэдээлэл авлаа. Валютын сан 300 сая ам.доллараас дээш мөнгө манайд өгөхгүй. Валютын санд хөтлөгдөөд цааш явах гээд байна уу? Валютын сантай тусгай гэрээ хэлэлцээ хийгээд явах уу? Оюутолгой дээр анхаараач, Ерөнхий сайд аа. Энэ компанийн орлого Монголын эдийн засгаас гадуур тойрч яваа шүү. Гадаадын хөрөнгө оруулалтын бодлогоо эргэж харахгүй бол Оюутолгой мэт хуурамч төсөл Монголд туслахгүй.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат
- Миний бие олон салбарын төлөөлөлтэй уулзаж байна. Ихэнх салбарын төлөөлөл дэмжиж өгөөч гэдэг хүсэлт тавьдаг. Тиймээс шинээр гурван сан нэмж байгуулахаар төсвийн төсөлд тусгасан. Засгийн газрын гол шийдвэрлэх ёстой асуудал бол өр төлбөрийн асуудал. Тиймээс одоогийн байгаа нөхцөл байдлаас дордуулахгүйгээр зээлийн төлбөрийг төлнө. Б.Чойжилсүрэн сайд Олон улсын валютын сангийн намрын уулзалтад оролцсон. Түүнээс зээл тусламж ярихаар яваагүй. Энэ аравдугаар сард Олон улсын валютын сангаас манай улсад ирж, эдийн засгийн нөхцөл байдалд дүгнэлт хийнэ. Тэр дүгнэлтийн дараа тусламж авах эсэхээ шийдвэрлэнэ.
Үүний дараа УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЭРДЭНЭБАТ
-"Эмч, багш нарын 36 сарын тэтгэмжийг бууруулах асуудлаар өмнө нь хэвлэл мэдээллээр байр сууриа илэрхийлсэн. Д.Лүндээжанцан гишүүн энэ тэтгэмж сүүлийн дөрвөн сар байхгүй болсон гэсэн гэдэг. Үнэн ш дээ. Ерөнхий сайд гадуур явахаараа 2017 он хүртэл тэтгэвэрт гарахгүй, тэвчээрэй гэх юм. Тийм тэвчээртэй яваад байх зүйл ч биш л дээ. Улсын төсвийн тодотгол хэлэлцэх үед энэ тэтгэмжийн хэмжээг бууруулаад 1-12 болгоод кнопдчихсон. Гэтэл өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд нэг удаагийн тэтгэмжээ авч чадаагүй хүмүүсийн асуудлыг яаж шийдэх юм бэ. Үүнд хариулт авмаар байна. Түүнчлэн 36 сарын тэтгэмжийг бууруулснаар улс төр хийгээд байгаа юм биш. Харин багш, эмч нарын нэг удаагийн тэтгэмжийг 36 сар байх ёстой гэдэг дээр Ардчилсан намын бүлэг хатуу байр суурьтай байгаа. Бусад гишүүд ч гэсэн ийм байр суурьтай байгаа гэж ойлгож байна. Энэ асуудлаар нэгдсэн ойлголтод хүрэх хэрэгтэй. Гэтэл дахиад л 2017 оны улсын төсөвт энэ асуудлыг оруулж ирэхдээ 36 хүртэл гээд оруулаад ирсэн. Хэд болгож ч бууруулж болно гэсэн тодорхойгүй зүйл оруулж ирлээ. Тиймээс энэ асуудалтай холбоотойгоор би нэг санал оруулъя. Багш, эмч нарын нэг удаагийн тэтгэмж 36 сар байна гэсэн өгүүлбэр оруулчих. Ийм хоёрын хооронд гурвын дунд тоо оруулж ирж, нийгмийг багш, эмч нарыг битгий бужигнуул. Зарчмын хувьд саналаа оруулна. Төсөв дээр ажиллаж байгаа хүмүүс үүнийг анхаараад авна биз. Ерөнхий сайдын хэлснээр 2017 он гараад тэтгэвэртээ гарна гэж хүлээдэг хөгшчүүл байхгүй.
Дараагийн асуудал, орлогын тухай. Үүнийг ерөөсөө ярихгүй юм уу гэдгийг тодруулмаар байна. Саяхан Ерөнхий сайд Оюутолгойгийнхонтой уулзсан гэсэн. Гадагшаа гараад байгаа мөнгөө Монголын банкаар оруулж ирэх юм уу, үгүй юм уу. Монголын бүх баялгаа гадагш нь өгчихөө,д нэг ширхэг цент ч Монгол Улсын банкаар дамжиж орж ирэхгүй байгаа шүү. Энэ тухай өнгөрсөн дөрвөн жил хэлээд бараагүй. Одоо заавал хэлэхгүй бол валютын хомсдол Оюутолгойн үйл ажиллагаанаас болж үүссэн. Далд уурхайн хөрөнгө оруулалт гээд мөнгө орж ирж байгаа боловч үйл ажиллагаа үүсэхэд манай бүх зэс, алт, мөнгө гадагшаа гараад, Монголд нэг цент ч орж ирэхгүй байгаа. Энэ урсгалыг зохицуулахгүй бол хэзээ ч валютын хомсдол ханшийн савлагаанаас салахгүй. Бусад бүх аж ахуйн нэгжүүд ингэж оруулж ирж байгаа. Ганцхан Оюутолгой монополь эрхтэй баяжмалын мөнгөө гадаадад байршуулж байна" гэлээ.
УИХ-ын чуулганаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төсөлийн хэлэлцүүлэг үргэлжилж байна.
Т.НОМИН