Намрын налгар өдрүүд налайж, амралтын улирал дуусчээ. Их хотын завгүй хэмнэл эргэн ирж, нийслэл хот хөл хөдөлгөөнд дарагдлаа. Энэ цаг үетэй зэрэгцэн урлагийн тоглолт, сонирхолтой аялал, үзвэрүүд үзэгч олныг урин, дууддаг билээ. Намар цагийн үзвэрийн хуваарийн нэгдсэн мэдээллийг уншигчдадаа танилцуулж байна.
УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТР
Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид түүхт 85-н жилийн ойгоо угтан “Ромео Жульетта” сонгодог жүжгийг дахин тайзнаа энэ сарын 23,24,25-нд гуравхан удаа тоглох гэж байна. Мөн тус театрын тайзнаа ирэх сарын 1-нээс 28-ны хооронд Монголын сор болсон түүхэн жүжгийн өдрүүд айсуй.
- Аравдугаар сарын 8, 9-нд 12 цагаас: С.Жаргалсайхан "Тэмүүжин" түүхэн жүжиг, найруулагч Б.Баатар
- Аравдугаар сарын 8, 9-нд 17 цагаас: Б.Шүүдэрцэцэг "Ану хатан" түүхэн жүжиг, найруулагч Б.Баатар
- Аравдугаар сарын 13, 14-нд 19 цагаас: Д.Намдаг "Оролмаа эх" түүхэн жүжиг, найруулагч Ч.Найдандорж
- Аравдугаар сарын 15-нд 17 цагаас: Г.Бирваа "Харц хатан" дуулалт жүжиг, найруулагч Б.Мөнхдорж
- Аравдугаар сарын 21-нд 19 цагаас, 22-нд 17 цагаас: Д.Равжаа "Саран хөхөө" түүхэн жүжиг, найруулагч Б.Мөнхдорж
- Аравдугаар сарын 27, 28-нд 19 цагаас: Б.Лхагвасүрэн "Тамгагүй төр" түүхэн эмгэнэлт жүжиг, найруулагч Ч.Найдандорж
УЛСЫН ДУУРЬ, БҮЖГИЙН ЭРДМИЙН ТЕАТР
Дуурь, бүжгийн эрдмийн театрын 54 дэх улирлын нээлт тун удахгүй болох гэж байна. Сонгодог урлаг сонирхогчдын хүсэн хүлээж буй дуурийн шинэ улирал А.Аданы “Жизель” сонгодог балетаар хөшгөө нээх нь ээ. Театрын нээлтийн дараагаар дуурийн театрын тайзнаа аравдугаар сарын турш сонгодог бүтээлээр амьсгалах ажээ.
- Аравдугаар сарын 08-нд 17.00 цагаас: А.Адан “Жизель” балет
- Аравдугаар сарын 09-нд 17.00 цагаас: А.Адан “Жизель” балет
- Аравдугаар сарын 15-нд 17.00 цагаас: Ж.Бизе “Кармен” дуурь
- Аравдугаар сарын 16-нд 17.00 цагаас: Ж.Бизе “Кармен” дуурь
- Аравдугаар сарын 22-нд 17.00 цагаас: Ц.Нацагдорж “Гүнгэрийн гүнж” дуурь
- Аравдугаар сарын 23-нд 17.00 цагаас: П.И.Чайковский “Хунт нуур” балет
- Аравдугаар сарын 29-нд 17.00 цагаас: Ж.Верди “Айда” дуурь
- Аравдугаар сарын 30-нд 17.00 цагаас: Ж.Верди “Айда” дуурь
УЛСЫН ФИЛАРМОНИ
- Аравдугаар сарын 26-наас 29-нд 19 цагаас Монголын хөгжмийн зохиолчдын 35 дахь удаагийн “Алтан намар” хөгжмийн наадам болно.
UB PALACE
- Аравдугаар сарын 8-нд 19 цагаас: Харанга хамтлагийн ахлагч, хөгжмийн зохиолч, Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат “Амьдралын бэлэг” хэмээх тоглолт болно. Түүний тоглолтод бэлэг барихаар дуучин Б.Сарантуяа, А.Хишигдалай, Б.Маралжингоо, С.Наран, Т.Дэлгэрмөрөн, Б.Баярцэцэг, Нарка, Харанга хамтлаг, “Guys”, “Freezone” “3 охин” зэрэг хамтлагууд хүрэлцэн ирж, ая дуугаа өргөх гэнэ.
“КОРПОРЭЙТ” КОНЦЕРТЫН ТАНХИМ
- Аравдугаар сарын 8-нд 19 цагаас "Face of Beauty International" олон улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээний титэм гардуулах ёслолын ажиллагаа болно. Энэ оны тэмцээний уриа "Save the mazaalai" бөгөөд дэлхийн миссүүд нэн ховордоод буй мазаалай баавгайг авран хамгаалах үйлсэд дуу хоолойгоо нэгтгэх гэнэ. Уг тэмцээнд дэлхийн 60 гаруй улсын гоо бүсгүйчүүдээс гадна "Амьд барби" хэмээн дэлхийд танигдсан Украйны дуучин, загвар өмсөгч Валерия Лукьянова хүндэт зочноор уригдан оролцож байгаа аж.
СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨ
- Аравдугаар сарын 15-нд 19 цагаас Монгол улсын филармонийн үзвэрийн 45 дахь жилийн нээлтийн тоглолт “New season-2017” болно. Тоглолтод Морин хуурын чуулга, “Баянмонгол” жазз найрал хөгжим, Симфони найрал хөгжимчид оролцож, уран бүтээлээ эгшиглүүлэх ажээ.
- Монголын хошин урлагийн отгон хамтлаг болох “Эмоци” продакшны намар цагийн “Аз жаргалыг шэйрлэ” тоглолт энэ сарын 19-нөөс Соёлын төв өргөөнд 19 цагаас хөшгөө нээсэн билээ. Энэ удаагийн тоглолтод тус продакшны залуу уран бүтээлчдийн бүрэлдэхүүнээс гадна жүжигчин МУСТА Мөөжиг буюу Ө.Мөнх-Эрдэнэ, “Шинэ үе” продакшны жүжигчин МУСТА Ц.Ганбаяр, МУСТА Б.Отгонтуяа, МУСТА Л.Сөрөлт нар хамтран тоглож байна.
МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН СОЁЛЫН ТӨВ ОРДОН
- Монголын хошин урлагийн ууган продакшн болох “Шинэ үе” продакшны захирал Бооёо буюу МУГЖ Д.Ариунболд, МУГЖ Л.Баттулга буюу Аглуу нарын хамтран “Найзууд” хэмээх тоглолтоо өнгөрсөн хавар хийсэн билээ. Тэгвэл энэ удаа тэд “Найзууд буюу Яг тэрэн шиг” цоо шинэ энтертаймент шоу тоглолт энэ сарын 19-нөөс эхлэн үзэгчдэд хүргэж байна.
ШАНГРИ-ЛА ЗОЧИД БУУДАЛ
- Аравдугаар сарын 29-нд 18:30 цагаас: Энэ жил анх удаа “Star wars” киноны уур амьсгалтайгаар Халловины үдэшлэгийг зохион байгуулах гэнэ. Таван одтой Шангри-Ла зочид буудалд урьд өмнө хийгдэж байгаагүй тохижилттой, ашиглагдаж байгаагүй техник тоног төхөөрөмжтой зохион байгуулах гэж байгааг дуулгахад таатай байна.
Бэлтгэсэн А.ЦЭЭСҮРЭН