Монгол залууст дэлхийн хэмжээнд ажиллах чадвар бүрэн бий

Хуучирсан мэдээ: 2016.10.07-нд нийтлэгдсэн

Монгол залууст дэлхийн хэмжээнд ажиллах чадвар бүрэн бий

Дэлхий дахинаа ажиллаж амьдарч буй нийт Монголчуудын тоо 2015 оны байдлаар 120 мянгад хүрсэн нь манай улсын нийт хүн амын дөрвөн хувийг эзлэх болжээ. Дэлхийн банкны тайланд дурдсанаар хилийн чанадад байгаа эдгээр Монгол иргэдээс эх орондоо гуйвуулсан бэлэн мөнгөний хэмжээ 2011 оны ҮНБ-ий 2,7 хувь, 2013 оны 2,0 хувьд хүрчээ. Энэ хэмжээгээр дэлхий дахинаа өндөр боловсрол эзэмшиж, нэр хүндтэй компанид ажиллаж буй Монгол залуусын эгнээ улам бүр нэмэгдсээр байгаа билээ. Эдгээр залуусаас онцлон АНУ-ын харилцаа холбооны салбарын тэргүүлэх AT&T корпорацийн Програм хөгжүүлэлтийн Ахлах инженер С.Батболдыг танилцуулж байна. AT&T корпораци нь 131 сая орчим гар утасны хэрэглэгчтэй, 240 мянга гаруй ажилтантай, дэлхийн хамгийн үнэ цэнэтэй брэндийн эхний аравт үргэлж багтдаг тэргүүлэгч корпораци билээ.

Дунд сургуулийн сурагч байхаасаа л гадаадад сурна гэж боддог байсан

-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Хоёулаа ярилцлагаа таны бага насны дурсамжаас эхлүүлье. Мөн мэргэжлээ хэрхэн сонгож байсан талаараа дурсахгүй юу?

-Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Миний хувьд дунд ангиа 23-р сургуульд, ахлах ангиа Монгол-Туркийн хамтарсан сургуульд суралцаж төгссөн. Математик, физикийн хичээлд дуртай, нэлээд хэдэн олимпиадад оролцож, байр эзэлж байсан. Дунд сургуулиа төгсөөд Глобал удирдагч төвөөс зарласан шалгаруулалтад тэнцээд Дикинсоны их сургуульд суралцахаар АНУ-д анх ирж байлаа. Мэргэжил сонгох болоход аав ээж хоёр маань хоёулаа инженер мэргэжилтэй учраас барилгын инженерээр суралцахыг хүсч байсан. Харин тухайн үед сургуульд маань барилгын инженертэй хамгийн дөхүү байж болох мэргэжил нь компьютерийн инженер байсан. (инээв) Тэгээд л тэр цагаас хойш компьютертэй холбогдсон доо. Нэг хөгжилтэй ч гэмээр зүйл хуваалцахад, дунд сургуулиа төгсөөд элсэлтийн шалгалт өгсөн үе. Тухайн үед анх удаа бүх төгсөгчдийг нэгтгэж шалгалт авч байсан юм. Миний хувьд шалгалтаа өгчихөөд, эхний тавд жагсаад нэлээд сэтгэл хангалуун байсан. Гэтэл сургууль сонголтын талаар мэдээгүй байсан тул зусланд амраад ирсэн чинь бүх сургуулиудын элсэлт дуусчихсан, надад анги үлдээгүй байсан. Зөвхөн цөмийн физикийн ангид л орох боломж байсан. Тэгээд ер нь гадаадад суралцана гэж боддог байсан болохоор Глобал удирдагч сангийн сургалтад нэг долоо хоног хамрагдаад шалгалт өгч байсан. Аав маань “БААТАР БАРИЛГА” ХХК-ийг удирдан ажилладаг, дэлхийн олон орноор явж үзсэн хүн байсан. Тэгээд үргэлж хүүхдүүдээ гадаадад суралцуулна гэж ярьдаг байсан юм. Миний хувьд ахлах ангидаа англи хэл гүнзгийрүүлж суралцаж байсан болохоор элчингийн ярилцлагад ороход хүртэл давуу талтай байсан. TOEFL-ийн оноогоо ч хангалттай авсан.

Ирээдүйнхээ төлөө өнөөдөр илүү ажиллах хэрэгтэй

-АНУ-д анх суралцахаар очиход төсөөлж байсантай хэр нийцсэн бэ?

-Ер нь бол анх ирж байгаа хүмүүс ихэнх нь маш их эрч хүчтэй ирдэг. Энд байгаа олон залуучууд сургалтын төлбөр, амьжиргааны зардлаа олох гэж өдөрт хэд хэдэн ажил хийж, өмнөө маш том зорилго тавин ажилладаг. Америкчууд гайхаад байдаг юм, чи яаж тэр холоос гав ганцаараа энд ирсэн юм бэ гээд. Сургуулиа төгсөх гээд хар бор ажил хийгээд явж байх үед ирээдүйнхээ төлөө өнөөдөр илүү ажиллах хэрэгтэй гэдгийг ойлгосон. Би бакалавраа зургаан жил шахам суралцаж төгссөн. Ажил хийж сургалтын төлбөрөө олдог байсан. Зуны амралтаараа ажиллана. Зарим зун нь цалин хүрэлцэхгүй, сургуулиасаа чөлөө авна. Нэг жилийн чөлөө авна. Дахиад зургаан сарын чөлөө нэмж авна. Сүүлд нэлээн завсардаж байгаад Чикагод ирж, хар ажил хийж мөнгөө цуглуулж байж сургуулиа төгссөн. Ер нь Америкийн нийгмийн систем нь өөрөө хүнийг их шахаж өгдөг. Монголд бол нэг өдөр төлбөрөө төлөхгүй байхад хэсэг хүлээх ч юм уу, дараа сард нь нийлүүлээд төлөх зэргээр тодорхой хэмжээнд хойшлуулах боломжтой. Гэтэл энд бол харин өөр, нэг өдөр л төлбөрөө төлөхгүй бол торгууль тавигдана. Үргэлж л хөдөлмөрлөж, шинэ зүйлд суралцах хэрэгтэй болгодог. Жишээ нь намайг дөрвөн жилийн өмнө AT&T-д ороход хэрэглэж байсан систем өнөөдөр тэр чигээрээ өөрчлөгдсөн. Ялангуяа энэ мэдээллийн технологи гэгч зүйл маш хурдтай хувьсан өөрчлөгддөг. Тэгэхээр тэр бүхнийг үргэлж оролдож, өөрийгөө хөгжүүлж байх хэрэгтэй.

-Анх AT&T корпорацид ажилд орж байсан талаараа дурсахгүй юу? Мэдээж дэлхийд тэргүүлэх зэргийн компани учраас шалгуур өндөртэй байсан байх.

-Тэгэлгүй яах вэ, компьютерийн чиглэлээр сургууль төгссөн болохоор АНУ-д үлдэж нэг жил ажиллах зөвшөөрөл өгдөг. Тэр зөвшөөрлөө аваад ажил хайж байсан. Би сургуулиа төгсөхөөс ч өмнө хувиараа Монгол компаниудад вэб хийж өгөн мөнгө олдог байлаа. Мэргэжилдээ ч дуртай. Тэгээд ажил хайж байх үедээ Вашингтон дахь хүний нөөцийн зөвлөгөө өгдөг компанитай холбогдож өөрийгөө танилцуулсан. Надад нэг, хоёр жилийн туршлага байна гээд л. Тэр компани намайг гурван сарын сургалтад хамруулсан. Яагаад гэхээр корпорацийн түвшинд олон олон өөр технологиуд байдаг. Томоохон корпорациуд бакалавраа төгссөн хүнийг шууд ажилд авахдаа эхлээд ажлын туршлагыг нь хардаг. Дараа нь техник технологийн чадваруудыг нь анхаарна. Учир нь суралцах түвшнээс ажиллах түвшний технологи нь өөр байдаг. Энэ бүхнийг л тэр консалтингийн компани надад зааж зөвлөж өгч байсан. Тэгээд л анх 2013 онд AT&T-д ажилд орж байлаа. Тэр үед Software Developer гэдэг ажилд орж байсан. Код бичдэг хүн гэж хэлж болно. AT&T бол утасны сүлжээний компани шүү дээ. Америкийн компаниуд томроод, корпораци, интерпрайз түвшинд очоод эхлэхээр дотоод сүлжээ, бараа бүтээгдэхүүн борлуулалтын систем зэргээ өөр компаниас худалдаж авах, түрээслэхэд түвэгтэй болоод ирдэг. Тийм учраас өөрсдөө санаачилж хийхийг оролддог. Яг тухайн үед, намайг төгсдөг жил AT&T хоёр, гурван жижиг компанийг худалдаад авчихсан, тэр компаниудынхаа бүтээгдэхүүнийг зарах хэрэгтэй болсон байсан. Би яг анх тэр програмыг хөгжүүлэх арваад хүний бүрэлдэхүүнтэй багт орж ажиллаж байлаа.

-Харин одоо та ямар албан тушаалд ажиллаж байна вэ?

-Одоо яг тэр систем дээрээ дөрвөн жил ажиллаж байна, намайг ороход долоон жилийн настай систем байсан. Нэг систем мөртлөө өөр програм дээр ажилладаг. Дөрвөн жил ажилласан гэдэг утгаараа ахлах түвшинд очсон.

Инженерүүдийнхээ гурван сарын хугацаанд хэрэгжүүлж байгаа нэг төслөөс AT&T нэг сая доллараас илүү ашиг олдог

-Монгол компаниуд дотоод сүлжээний програмдаа ач холбогдол бага өгдөг юм шиг санагдлаа. Таны бодлоор?

-Монголд ихэнх компаниуд цөөн ажилтантай байдагтай холбоотой юм шиг санагддаг. Жижиг компаниуд ихэнх нь бэлэн програм худалдаж авах, түрээслэх байдлаар шийддэг. Том корпорацийн түвшинд бол энэ нь тохиромжгүй, тухайн байгууллагын дотоод соёлд яв цав тааруулах хэцүү байдаг. Монголд тэр шаардлага нь бага байдаг байх. Миний сонссоноор Монголд зарим томоохон банкууд олон улсын түвшинд хэрэглэгдэж байгаа системүүдийг түрээсээр хэрэглэдэг юм билээ. Банкны системүүд ер нь нууцлал сайтай байх хэрэгтэй байдаг л даа. CRM буюу Customer Relationship Management систем юм. Энэ хэрэглэгчийн системийг сайн хөгжүүлснээр мэдээллийг нэг дор төвлөрүүлэх, илүү хурдтай ажиллах боломжтой болж байгаа юм. Борлуулалт байнга явагдаж байгаа. Тийм учраас тэр бүтээгдэхүүн борлуулалтын програмыг маш нарийн төлөвлөх хэрэгтэй. Хоёр үйлчлүүлэгчийн захиалга хоорондоо зөрж болохгүй. Нууцлалыг нарийн хадгалах нь маш чухал. Хэрэглэгчийн мэдээллийг хадгалах, хэрхэн түргэн шуурхай үйлчлэх вэ гээд олон асуудал байгаа. Мэдээж CRM-ээс өөр мөн бас олон төрлийн програм байна л даа. Энэ бүхний үр дүнд бидний гурван сард хэрэгжүүлж байгаа нэг л төслөөс AT&T компанид үзүүлж байгаа нийт ашиг нь нэг сая доллараас илүү байдаг. Хэрэглэгчдэд бүтээгдэхүүн илгээхэд хямдрал үзүүлж байхад зарим борлуулагчид буруугаар ашиглах тохиолдол гардаг. Энэ нь ямар нэг хяналтгүй байлаа гэж бодъё. Бид түүнд нь зориулсан системийн хяналт хийгээд хамгаалалт хийснээр төсөв хэмнэгддэг ашигтай байдаг. Сонсоход энгийн, жижигхэн юм шиг мөртлөө цаад ашиг нь маш их хэмжээтэй байдаг.

Нэг алдаа гарахад нэг үйлчлүүлэгчээ алдана гэсэн үг. Тийм зүйл хэзээ ч байж болохгүй

-Ажиглаад байхад аль ч түвшинд инженерүүдийн оролцоо их өндөр байх юм?

-Бүтээгдэхүүн нь өөрөө софтвэйр төрлийн бүтээгдэхүүн учраас аль ч түвшинд инженерүүдийн оролцоо илүү. Шууд үйлчлүүлэгчийн гарт очиж байгаа бүтээгдэхүүн, гүйцэтгэж байгаа инженерүүдийн хооронд нарийн холбоо байдаг. Энэ цагийг багасгах, илүү нягт болгохын тулд инженерүүдийн оролцоог чухалчилдаг болов уу. Бид төсөл эхлэх үед хамгийн түрүүн бизнесийн шаардлагыг мэдэх хэрэгтэй болдог. Дараа нь системийн шаардлагыг мэдэх хэрэгтэй. Дараа нь код түвшинд, интерфэйсүүдийг нь мэдэх хэрэгтэй. Энэ бүхий л үе шатанд инженерүүд оролцдог. Жишээ нь бизнесийнхэн энд маш том кноп байрлуулмаар байна гэж хүсэхэд үгүй ээ, багтахгүй гэж хэлэхийн тулд инженерүүд хэрэгтэй байгаа юм. /Инээв/ Мөн AT&T-ийн нэг онцлох зүйл нь дөрөв дараалсан шатлалтай хяналттай байдаг. Эцсийн шатны бүтээгдэхүүн бол хэрэглэгчийн гар дээр очоод төлөвлөснөөс өөр байх ямар ч боломжгүй. Монголын хувьд дөрөв дараалсан шалгалт хийнэ гэдэг бол зардал, цаг хугацааны хувьд их алдагдалтай. Дөрвөн өөр хүн дөрвөн өөр хяналт тавихад маш нарийн хяналт бий болж байгаа юм. Нэг алдаа гарахад л нэг үйлчлүүлэгчээ алдана гэсэн үг. Тийм зүйл хэзээ ч байж болохгүй.

-AT&T-ийн инженерүүд дунд танаас өөр монгол хүн ажилладаг уу?

-Одоохондоо байхгүй байна. Гэхдээ цаашид ажиллах байх гэж бодож байна.

-Дэлхийн хэмжээнд томоохонд тооцогдох компанид ажилд орохыг хүсч тэмүүлж байгаа залуус мэдээж маш олон байгаа. Тэр залууст хандаж юу хэлэх вэ?

-Би ер нь цаашдаа эх орондоо очоод багшилна гэж төлөвлөж байгаа. Монгол залуучууд оюуны потенциаль маш сайтай, дэлхийн хэмжээнд ажиллах чадвартай. Гагцхүү заримдаа аливаа юмны дотоод зохион байгуулалт, шинэ технологи, дадлага туршлагын тал дээр дутмаг байдаг. Энд энгийн нэг документ бэлдэхэд л өөр стандарттай байдаг. Америкт бүх компаниуд нь мэдээллийн технологийн хүний нөөц их хэмжээгээр бүрдүүлдэг. Гэхдээ тэд бүгд өөрсдийн нийгмийг нь, технологийг нь ойлгодог туршлагатай хүнийг л хүлээж байдаг. Энэ бүхнийг л монгол залуустаа хэлж өгөх юмсан гэж боддог. Дээрээс нь мөн англи хэл чухал. Жишээ нь, програмын түвшний алдаа гарлаа гэхэд маш олон үе шат дагуулсан, төвөгтэй байдлыг тайлбарлах шаардлага гардаг. Тэрийг сайн ойлгуулж чадах хэлний мэдлэгтэй байх хэрэгтэй.

-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа.


BIOGRAPHY

  • Амьдарч буй улс: АНУ, Вашингтон муж, Сиэтл хот
  • Ажил, албан тушаал: AT&T корпорацийн Ахлах софтвэйр инженер (Програм хөгжүүлэлтийн Ахлах инженер)
  • Мэргэжил: Софтвэйр инженер
  • Боловсрол: Дикинсоны их сургууль, Харолд Вашингтон коллеж
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж