Португалийн Ерөнхий сайд асан 193 орны гуравны хоёрын дэмжлэгийг авбал НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдоно.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Португалийн Ерөнхий сайд асан Антониу Гутерришийг Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгохыг дэмжлээ. Пүрэв гаригт болсон хаалттай хуралдаанаар Аюулгүйн зөвлөл Ерөнхий ассамблейд түүнийг дэмжин санал болгож байгаа тогтоолыг гарган хүргүүлжээ. Энэ тухай НҮБ-д суугаа Оросын байнгын төлөөлөгч Виталий Чуркин мэдэгдлээ.
Түүний хэлснээр, Аюулгүйн зөвлөл Гутерришийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс 2021 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэлх хугацаанд сонгохыг Ерөнхий ассамблейн чуулганд зөвлөж байгаа ажээ.
Одоо Гутерриш Ерөнхий ассамблейн дэмжлэгийг авах шаардлагатай бөгөөд чадсан тохиолдолд сонгогдох юм. Үүний тулд тэр НҮБ-ын гишүүн 193 орны гуравны хоёрын саналыг авах ёстой.
Гутерриш 2015 он хүртэл НҮБ-ын дүрвэгчдийн асуудал эрхэлсэн дээд комиссар байсан юм. Тэрээр өнгөрсөн хоёрдугаар сараас Ерөнхий нарийн бичгийн сонгуульд оролцож байна. Аюулгүйн зөвлөлийн зургаан урьдчилсан санал хураалтаар ялжээ. Нийт 13 нэр дэвшигч өрсөлдөж буй бөгөөд тэдний тоонд экс төрийн тэргүүн, одоо Гадаад хэргийн сайд хийдэг хүмүүс байгаа юм.
НУУЦ НАЙМАА БАЙХГҮЙ
Сүүлийн долоо хоногт Орос Гутерришийг дэвшүүлэхийг зөвшөөрч харин өнөөдөр Америкийн эзэлж байгаа орлогчийнх нь оронд өөр хүнийг сонгуулах наймаа хийсэн гэх шуугиан хэвлэлээр гарсан. Мөн Хятад ерөнхий нарийн бичгийн даргын Энхийг сахиулах асуудал эрхэлсэн орлогчийн тушаалыг сонирхож байна гэсэн яриа ч бий.
Үүнд хариу болгож "Нэр дэвшигч нарыг сонгох явцад бид өөрсдийн сонирхлыг гарган хэлж байсан, энд ямар нэгэн далдын яриа, амлалт байгаагүй” гэж Оросын төлөөлөгч хэлжээ.
Түүний хэлснээр, Ерөнхий нарийн бичгийн даргын тушаалд нэр дэвшигчдийг сонгон шалгаруулахад Орос ээдрээтэй байдалд орсон гэнэ. Москва эхнээсээ Ерөнхий нарийн бичгийн даргаар зүүн Европыг төлөөлөл сонгогдож, сонгогдсон хүн нь эмэгтэй байх хүсэлтэй байсан гэж В.Чуркин хэлжээ. Гэхдээ бид зүүн европын хүнийг гэж улайран зүтгээгүйгээ тэр онцлов.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар 2007 оноос хойш ажиллаж байгаа Пан Ги Муны бүрэн эрхийн хугацаа 2016 оны арванхоёрдугаар сарын 31-нд дуусах юм. НҮБ-ын найман Ерөнхий нарийн бичгийн даргын хэн нэг нь Зүүн Европын орнуудыг төлөөлж байгаагүй бөгөөд тэд бүгд эрэгтэй хүмүүс байжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР