Нэр дэвшигчдэд зориулсан сургалт Булган, Орхон аймагт явагдлаа

Хуучирсан мэдээ: 2016.10.06-нд нийтлэгдсэн

Нэр дэвшигчдэд зориулсан сургалт Булган, Орхон аймагт явагдлаа

Ардчилсан нам, МоАН Санаачилгын хамтран зохион байгуулж байгаа орон нутгийн нэр дэвшигчдэд зориулсан сургалт, уулзалт үргэлжилсээр байна.

Энэ удаад Булган, Орхон аймагт сургалт явагдлаа. Булган аймгийн театрын байранд 13:00 цагт эхэлсэн сургалтад сум сумын төлөөллөөс нийт 100 гаруй нэр дэвшигчид хүрэлцэн ирж оролцлоо.

Булган аймгийн Ардчилсан намын дарга Д.Эрдэнэбат сургалтын эхэнд Нийслэлээс сэтгэл, цаг заваа гарган зорин ирсэн МоАН Санаачилгын УЗ-ийн гишүүн Ц.Оюунгэрэл, МоАН Санаачилгын дэд Ерөнхийлөгч, Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн Ж.Равдандорж, МоАН Санаачилгын УЗ-ийн гишүүн Д.Бямбаа, МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх О.Чулуунбилэг нарт намын үйл ажиллагаа, нэр дэвшигчдээ дэмжин ирсэнд талархаж байгаагаа илэрхийлсэн юм.

“Орон нутгийн сонгууль ба хуулийн зөвлөмж” сэдэвт сургалтыг МоАН Санаачилгын УЗ-ийн гишүүн Ц.Оюунгэрэл хийж, богино хугацааны компанит ажлаа хуулийн хүрээнд хэрхэн зөв оновчтой хийх талаар нэр дэвшигчдэд зөвлөгөө мэдээллийг хүргэсэн. Мөн тэрээр: Орон нутагт дээрээсээ доошоо нэг нам ялчихвал газар, байгалийн баялагийн тухай хайр найргүй шийдвэр гаргахад бэлэн байгаа учраас орон нутагт нэр дэвшигчид маань сонгуульдаа хариуцлагатай оролцож иргэдээ өмөөрөх дуу хоолой нь болох чухал үе ирээд байгааг сануулсан юм.

Сургалт, уулзалтын үеэр Булган аймгийн нэр дэвшигчид өөр өөрсдийн үзэл бодол, саналаа хэлж байлаа. Нэг хэсэг нь тэнгэрт гараад алга болсон нөгөө хэсэг нь хөсөр хаягдсан. Фракцын удирдлагууд нэг санаатай болж нэгдсэн цонхоор харах хэрэгтэй байна. Тус тусдаа мэдэгдэл хийгээд намаа хагалж буталгахгүй байхыг ард түмэн биднээс хүсч хүлээж байгааг уламжиллаа.

Сургалтын багийнхан Булганд аймагт сургалтаа хийж дуусаад Орхон аймгийг зорьсон юм. Орхон аймгийн нэр дэвшигчдийн 90 хувь нь сургалтад хамрагдахаар ирсэн байсан юм.

МоАН Санаачилгын УЗ-ийн гишүүн Д.Бямбаа эх баригч намын амлалт, ухралтын талаар Орхон аймгийн нэр дэвшигчидтэй нээлттэй ярилцсан юм. Мөн уулзалт, сургалтын үеэр МоАН Санаачилгын дэд Ерөнхийлөгч, Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн Ж.Равдандорж “Ардчиллын үнэт зүйл, үнэт өв”-ийн талаар яриа хийсэн бол МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх О.Чулуунбилэг “Ардчилсан намын шинэчлэл” сэдвээр ярилцаж нэр дэшигчдийн санал бодлыг сонслоо.

Ямар нэгэн зөрчил үүсгэн нэр дэвшигчийн жагсаалтаас хасч байгаа асуудлыг Орхон аймгийн нэр дэвшигчид хөндөж байсан юм. Нэр дэвшигчийг зориудаар хасч байгаа явдал нь нөгөө намын нэр дэвшигчдэд шууд ялалтыг өгч байгаа хэрэг. Иргэдийн сонгох эрхэнд халдаж байгаа үйлдэл учраас энэ асуудлаар зохих шатны байгууллага, шүүхэд хандсан. Маш богино хугацаа үлдсэн учраас яаралтай шийдэх энэ асуудал дээр төв намаас анхаарч ажиллах хэрэгтэй байгааг уламжилж өгөхийг сургалтын багийнхнаас хүссэн юм.

Орон нутгийн намын өнөөгийн байдал, дунд шатны байгууллага, намын үйл ажиллагааны талаар Орхон аймгийн намын гишүүд, нэр дэвшигчид болох Амарбаясгалан, Хайраат, Ичинсүх, Батхуяг, Сувдаа, Алтангэрэл, Рэнцэндорж, Насанжаргал, Намхайноров, Мягмарсүрэн, Раднаадагина нар үгээ хэлснээр сургалт, уулзалт өндөрлөсөн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж