-Ардчилсан нам, МоАН Санаачилгын хамтарсан сургалт Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нэр дэвшигчдэд хүрлээ-
Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нэр дэвшигчдэд зориулсан сургалт энэ сарын 28, 29-ний өдөр боллоо. Сонгуулийн сурталчилгаа ба PR зөвлөмжийг МоАН Санаачилгын Удирдах зөвлөлийн гишүүн, улс төр судлаач Б.Цолмонбаяр хүргэсэн бол орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдэд зориулсан хуулийн зөвлөмжийг хуульч Г.Цолмонгэрэл өгсөн юм.
Сонгуулийн кампанит ажлын богинохон хугацаанд хуулийн хүрээнд иргэд, сонгогчиддоо өөрийгөө хэрхэн зөв таниулахад чиглэгдсэн сургалт гурван дүүрэгт амжилттай зохион байгуулагдлаа.
28-ны өдрийн эхний сургалтыг Баянзүрх дүүргийнхэн авлаа. Тус дүүргийн хувьд 28 хороотой. Хороо тус бүрээс төлөөлөл ирж нийтдээ 41 нэр дэвшигч сургалтад хамрагдлаа.
Сургалтын эхэнд МоАН Санаачилгын УЗ-ын гишүүн, улс төр судлаач Б.Цолмонбаяр сонгуулийн сурталчилгаа ба PR зөвлөмжийг өгсөн юм. Мөн сонгуулийн зорилтуудаа хэрхэн тодорхойлох, кампанит ажлын төлөвлөгөөг хэрхэн боловсруулах зэрэг нэр дэвшигчдэд зориулсан нэмэлт мэдээллийг хүргэж харилцан ярилцсан.
Баянзүрх дүүргийн нэр дэвшигчид дунд Ерөнхийлөгчийн хүү Э.Эрдэнээс эхлээд Люмино хамтлагийн гишүүн Б.Батхишиг зэрэг олны танил эрхмүүд сургалт авахаар хүрэлцэн ирсэн байсан нь содон харагдаж байсан юм.
Сонгууль дөхсөн хариуцлагатай энэ үед ямар нэгэн фракц талцал гэлгүй анхан шатны нэгжээ дэмжээд хороо дүүргээсээ нэр дэвшиж байгаа намын журмын нөхөддөө мэдээлэл олгож байгаа нь зөв зүйтэй ажил болж байгааг Баянзүрх дүүргийн 23-р хорооноос нэр дэвшигч Д.Пүрэвдаваа онцолж байлаа.