“1.5 тэрбумын орлого ЖДҮ эрхлэгчдэд сайн орлого”

Хуучирсан мэдээ: 2016.10.07-нд нийтлэгдсэн

“1.5 тэрбумын орлого ЖДҮ эрхлэгчдэд сайн орлого”

Жилийн орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй аж ахуйн нэгжийг салбарыг нь харгалзан 1 хувийн татвар ногдуулах хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэж эхлээд байна.

Татварын хөнгөлөлт эдлэх боломжтой салбарт газар тариалан, хөдөө аж ахуй, барилга үйлдвэрлэл, оёдол нэхмэл, хүнсний салбар хамаарч буй юм.

Энэ асуудлаар УИХ-ын гишүүн, УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжаваас тодрууллаа.

-Улсын хэмжээнд өнөөдөр хэчнээн аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхэлж байна вэ. Тэднээс хэд нь 90 хувийн татварын хөнгөлөлт эдлэх боломжтой юм. Дөрөвхөн салбарын үйлдвэрлэлийг татварын хөнгөлөлтөд хамруулахаар заасан нь явцуу байна гэдэг асуудлыг УИХ-ын гишүүд хөндөж эхэллээ. Таны байр суурийг сонирхвол?

-Энэ оны эхэнд улсын хэмжээнд 164 мянган орчим аж ахуйн нэгж байсан, аравдугаар сарын статистик мэдээгээр 63 мянган аж ахуй нэгж үлдсэн. Том татвар төлөгч ч бий, жижиг татвар төлөгч ч бий.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэ хууль маань жижиг, дунд үйлдвэрлэгчдэд л илүү хамаатай. 1.5 тэрбум хүртэлх орлоготой аж ахуй нэгжээс 1 хувийн татвар авахаар заасан. Татварын 1 хувийн хөнгөлөлтөд 4678 аж ахуйн нэгж хамрагдах тооцооллыг гаргасан байна лээ.

Монгол Улс татварын бодлого дээр хямралтай хөгжлийн замыг туулж яваа. Улс орны татварын бодлого хэчнээн ухаалаг байна, төдий хэмжээгээр татвар хуримтлал сайн байдаг, нийгмийн хөгжил нь сайн байдаг.

Анх удаа Засгийн газар жижиг, дунд үйлдвэрлэл рүү хандсан татварын хөнгөлөлтийн бодлоготой хуулийн төсөл оруулж ирсэн нь зөв.

Зохицуулалтын хувьд 1.5 тэрбум хүртэлх орлоготой аж ахуй нэгжээс 1 хувийн татвар авахаар заасан. Дөрвөн л салбар хамаарч байгаа. УИХ-ын чуулганаар хуулийн төслийн хэлэлцэх үед нийтийн ахуйн үйлчилгээний салбар болох үсчин, зурагчин, гуталчинг хамруулъя. Загас үйлдвэрлэл, зөгий үржүүлгийн жижиг дунд үйлдвэрлэлийн салбарыг хамруулах санал гарсан. Тийм учраас эдгээрийг хамруулах боломжтой эсэхийг судлан байнгын хороонд оруулж ирэхээр болж байна.

Нэг хувийн татвар гэдэг өөрөө их дэмжлэг болно. 1,5 тэрбум төгрөгийн орлого гэдэг ЖДҮ эрхлэгчдийн хувьд нэлээн сайн орлого юм.

Өөрөөр хэлбэл, 1.5 тэрбумын ашгаасаа 1 хувийн татвар тооцоход 15 сая төгрөгийн татвар өгнө. Энэ хэмжээний орлого олчихсон хүн 15 сая төгрөг татварт төлөхөөс татгалзахгүй болов уу. Тэр хэмжээгээр татвар төлөгчийн тоо нэмэгдэнэ.

Орлогоосоо хамаарч 1 сая, 2 саяын ч татвар төлж болно. Үйлдвэрлэлийг дэмжсэн, татвар төлөгчдийн тоог нэмэгдүүлсэн хоёр талын ач холбогдолтой хууль. Ухамсартайгаар татвараа төлөх хүн олширно.

-Татварын 1 хувийн хөнгөлөлтөд хамрагдахын тулд аж ахуйн нэгжүүд жижгирэх вий гэсэн болгоомжлол байна?

-Аж ахуйн нэгжүүд жижгирэхгүй болов уу. Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжээд 20 гаруй жил өнгөрлөө, энэ хооронд компаниудын хөгжил явсан, хүчирхэг групп, компаниуд ч бий болсон.

Аж ахуйн нэгжийг жижгирүүлж татвараас зугтаалгах амаргүй, их олон санхүү, эдийн засгийн зохион байгуулалт хийгдэнэ. Хугацаа шаардах ажил.

Энэ хуульд групп компаниудыг хамруулахаар заасан нь жижгирэхээс сэргийлсэн эрх зүйн зохицуулалт юм. Ижил төрлийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа харилцан хамаарал бүхий этгээдийн нийт орлогоос татварыг тооцно гэж заасан байгаа. Нэг групп компанийн орлого нь 1.5 тэрбумаас давсан бол хөнгөлөлтөд багтаж, 1 хувийн татвар төлж чадахгүй. Харилцан хамаарал бүхий гэхээр нэг, нэгнийхээ ашгийн 20 хувийг эзэмшдэг юм уу эсвэл нөгөө компанийнхаа ижил төрлийн хувьцааны 20 хувийг эзэмшдэг компани орох гээд байгаа. Эдийн засгийг төрөлжүүлж чадахгүй болчих гээд байгаа.

Тэгэхээр уул уурхайн салбарт ажилладаг хүн нэхмэлийн салбарт хөрөнгө оруулалт хийж чадахгүй болчих жишээтэй. Ийм жижгирэх эрсдэлээс хамгаалсан заалт байгаа. Тэгэхдээ энэ нь зохимжтой  заалт биш. Тэртэй тэргүй ихэнх компаниуд төрөлжөөд хөгжлийнхөө голдрилд орчихсон байхад хязгаарлах заалт хэрэггүй юм.

-Бусад оронд энэ төрлийн татварыг ямар байдлаар шийдсэн байдаг юм бол?

-Хөгжингүй, хөгжиж байгаа орноосоо шалтгаалж янз бүрийн татварын бодлого хэрэгжүүлж байна. Тухайлбал, урд хөрш эхлэн байгуулагдаж байгаа аж ахуйн нэгжид хөрөнгө оруулалтаа нөхөх хугацааг олгодог. 3-5 жилийн хугацаанд татваргүй ажиллуулах жишээ байна. Нэгэнт эдийн засгийнхаа хүчин чадлыг хангачихсан, хүчирхэг болчихсон том групп, корпорациуд нь харин манайхаас ч өндөр татвар төлдөг.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж