Улс төрчид Хүннү дээлийг сонгов

Хуучирсан мэдээ: 2011.07.20-нд нийтлэгдсэн

Улс төрчид Хүннү дээлийг сонгов

Наадмаас наадмын хооронд аманд хүлхээтэй явдаг баяр наадмын сонин шинэхэн дээрээ байна. Энэ жилийн наадмын сонин болгон ярих, бас санал зөрөн маргах нэг зүйл нь төрийн түшээд, олны танил эрхмүүдийн гоёл байв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шүрэн товчтой шаргал өнгийн дээл дээр түмэн өлзий хээ хатгамаллаж гоёсон бол /түүний дээлийн товчийг “төрийн дархан” гэгддэг уран дархан н.Энхдалай гуай наадмын өмнөхөн урлаж өгсөн гэсэн/, Төрийн соёрхолт Д.Сосорбарам, УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Г.Баярсайхан нарын сонголт болсон дээлний загварыг “Хүннү дээл” хэмээн тайлбарлаж байна. Бидний мэдэхээр Чингисийн үед өмсдөг байсан урт цэмцгэр хормой, ташуу захтай дээлийн ханцуйг хошмоглож нарийсгасан нь эртний хүннүчүүдийн өмсдөг байсан дээлийн загвар гэнэ. Тиймээс Хүннү гүрний 2220 жилийн ойгоор сэргээн, орчин үеийн загварт оруулан гоёсон нь энэ аж. Ерөнхий сайдын эхнэр, хатагтай Х.Отгонтуяа ч бас үүнийг тунгааж, “Их тэнгэр”-т болсон Төрийн хүндэтгэлийн хүлээн авалтад ирэхдээ үзмэн ягаан өнгийн Хүннү дээлээр гоёсон нь тун дэгжин харагдаж байсан. Тэдний дундаас УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, Сангийн сайд С.Баярцогт нарын өнгө, эмжээр ижилсүүлсэн цагаан саарал дээл олны анхаарлыг хамгийн ихээр татсан. Өнгөрсөн зун “АПУ” компанийн шинэ үйлдвэрийн нээлт дээр яг адилхан саарал костюм, ягаан зангиагаар ижилсчихээд амьтны нүдийг ангайлгаж явсан хоёр эрхэм энэ жилийн наадмаар бас л эхнэрүүдтэйгээ биш, эрчүүд хоорондоо дээлийн өнгө хослуулсан нь тэгтлээ анхаарал татсан хэрэг. Харин энэ жилийн цагаан сараар үйтэнхуар дээл, чонон дахтай гангарч, “Дөрвөн настай халиун”-аар үзэгчидтэй золгосон Л.Гантөмөр гишүүн энэ удаа төв цэнгэлдэхэд харагдсангүй.

Б.ГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж