Бямба гаригт ээжүүдэд хэрэгтэй, тун сонирхолтой уулзалт товлогджээ.
“Монголын мампренёр ээжүүдийн холбоо” ТББ, МАМА аппликейшн хамтран хүүхдийн хүмүүжилтэй холбоотой ном, товхимол орчуулж, эмхэтгэн олны хүртээл болгосон ээжүүдийг сар тутам зохион байгуулдаг уулзалтдаа урьсан байна.
Америкийн “Wall Street Journal” сонины сурвалжлагчаар ажиллаж байсан Памела Дракерман хэмээх бүсгүй хүүхдээ Парист төрүүлэхдээ “франц ээж” болохыг хүсч байсангүй. Франц хүмүүжил гээч нь франц хувцасны загвар эсвэл бяслаг шиг алдартай зүйл биш шүү дээ. Гэтэл түүнтэй таарсан франц хүүхдүүд 2-3 сартай байхаасаа л эхлэн шөнө сэрвэлзэлгүй сайн унтаж сурч, хоолондоо сайн болж, харин аав, ээж нар нь хүүхдээ тоглож байх зуур тайван сууж кофегоо ууж байв.
Тиймээс тэр живхний цүнхэндээ зөөврийн компьютерээ хийж аваад, сайн унтаж, олон төрлийн хоол иддэг хүүхдүүд, харьцангуй тайван аав ээж нараас бүрдсэн Францын нийгмийг, франц эцэг эхчүүдийн хүүхэд хүмүүжүүлэх аргын нууц нь чухам юу болохыг судлахаар ханцуй шамлан зүтгэжээ. Тэр франц аав, ээж нар цөөн хэдэн зүйлд маш хатуу ханддаг боловч бусад ихэнх зүйлс дээр тун уужуу тайвуу ханддагийг олж мэдсэн байна. Улмаар одоо байгаагаасаа өөр эцэг, эх болохын тулд хүмүүжлийн арга барилаа өөрчлөөд зогсохгүй хүүхэд гэж чухамдаа хэн бэ гэдгийг өөр өнцгөөс харах хэрэгтэйг ойлгосон байна. Ингээд тэр өөрийн судалж мэдсэн зүйлс дээрээ тулгуурлан "Франц хүмүүжлийн нууц: bébé өсгөхүй" хэмээх номоо бичжээ.
Франц хүмүүжлийн нууцаас суралцах боломжийг орчуулагч Ц.Нарангарав ээжүүдэд илүү дөхөм болгож өгсөн юм. “Франц хүмүүжлийн нууц” номын орчуулагч Ц.Нарангарав, “Монгол уламжлалт эх үрийн судар” номыг эмхэтгэсэн Ц.Наранханд, “Kindermusik with Deni & Friends сургалтын төвийн багш Ц.Хулан нар аравдугаар сарын 16-нд болох энэхүү уулзалтад оролцох юм.
Энэ өдөр бүсгүйчүүд орчуулж, эмхэтгэсэн номоо тайлбарлаж, ирсэн зочидтой сонирхолтой яриа өрнүүлэн, номоо хямдралтай үнээр худалдана. Уулзалт баруун дөрвөн замд байрлах “Colorado” бизнес төвийн 2 давхарт, “Монгол форум” танхимд 14:00 цагаас болох ажээ.
Б.ЭНХ