Улаанбаатар хотын хэмжээнд тог цахилгаангүй болон хүчдэлийн уналттай арван мянга гаруй айл өрх бий гэсэн судалгаа бий. Эрчим хүчний яамны зүгээс үүнд гол бодлогоо чиглүүлэн ажилладаг ч төсөв, мөнгө хүрэлцдэггүй. Зах зээлийн үнээс хямдаар цахилгаанаа борлуулдгаас хөрөнгө гаргаж чаддаггүй. Тэгвэл нийслэлийн зургаан дүүргийн 1562 өрх айлыг эхний ээлжинд тог цахилгаанд холбосон байна. Үүнд, Сонгинохайрхан дүүргийн 22, 24, 26, 28, 30, 31, Баянзүрх дүүргийн 21, 27, Хан Уул дүүргийн 12, 14, Сүхбаатар дүүргийн 14,16, 17, 20, Чингэлтэй дүүргийн 17, 19-р хороо буюу нийтдээ 22 байршлыг хамруулжээ. Сонгинохайрхан дүүргийн 22-р хорооны иргэн Д.Чамин “Манай хорооныхон дөрвөн жил гаруй харанхуй, гэрэлгүй амьдарч байсан. Энэ хүндрэлийг өнгөрсөн сар гаруйн хугацаанд яаравчлан шийдвэрлэж, түргэн шуурхай ажилласан Эрчим хүчний яамныхандаа талархал илэрхийлье. Хий гэвэл хийж болдог л ажил байна юм гэж бодлоо. Дөрвөн жил хүлээлээ шүү дээ” хэмээж байлаа.
Шугамын барилга угсралтын ажлыг энэ оны есдүгээр сарын 5-наас аравдугаар сарын 3-ны дотор хийж гүйцэтгэсэн аж. Үлдсэн айл өрхүүдийг ирэх онд тог цахилгаанд холбох зорилготой байгаа бөгөөд үүнд шаардагдах 12.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2017 оны улсын төсөвт тусгуулахаар төлөвлөсөн талаар салбарын сайд П.Ганхүү хэллээ.
ЭХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Насантогтох энэ талаар “Эрчим хүчний сайд П.Ганхүүгийн шууд удирдлага дор сар гаруйн хугацаанд манай салбарынхан ажилласны дүнд өнөөдөр 1562 өрх айлыг цахилгаанд холболоо. Сонгинохайрхан дүүргийн 22-р хорооны Тахилтын аман дахь 330 орчим айл өрх гэхэд олон жил тоггүй, харанхуй орчинд амьдарснаа өнөөдөр ярьж байна. Цаашид бид Улаанбаатарыг бүхэлд нь тог цахилгаантай болгохын тулд шат дараалсан арга хэмжээ авч ажиллах болно” гэв.
Л.ХАЛИУ