ӨЧИГДӨР /2016.10.10/ БОЛСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫГ ТОЙМЛОВ
Монголын мэргэжлийн анчдын холбооны тэргүүн Д.Хурцгэрэл нарын хүмүүс аравдугаар сарын 7-ны өдөр гадаадын анчид угалз, шонхор зэрэг ан амьтныг хууль бусаар агнаж байгаа тухай мэдээлсэн. Тэгвэл өчигдөр БОАЖЯ-аас дээрх мэдээлэлд хариу тайлбар хийлээ. Тус яамныхан Д.Хурцгэрэлийг өөрөө идлэг шонхор шувууг арилжаалах ашиг сонирхолтой болоод БОАЖЯ-ыг шантаажлан, сайд Д.Оюунхорол, бусад мэргэжилтнүүдийн нэр хүндэд үндэслэлгүйгээр халдаж буй тухай мэдэгдлээ.
"Guys" хамтлагийн дуучин Х.Бат-Ундралд холбогдох хар тамхины хэргийг өчигдөр Сонгинохайрхан, Баянгол, Хан-уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцлээ. Ингээд шүүх Замын-Үүдийн гаалиар их хэмжээний хар тамхи оруулах гэж байгаад баригдсан хэрэгт буруутгагдсан Х.Бат-Ундралд хоёр жилийн ял оноож, төгсгөлд нь тэнсэн харгалзах шийдвэр гаргасан байна.
10 залууг хутгалж, гэмтээн, эд хөрөнгө, 40 сая төгрөгийг нь дээрэмдсэн гэх дөрвөн этгээдийг цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байна. Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо буюу Нэгдүгээр эмнэлгийн ойролцоо өнгөрөгч ням гаригийн шөнө 02.00 цагийн орчимд хүмүүс зодолдоод байна гэсэн тусламжийн дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн албан хаагчид очиход, тус хорооны нийтийн орон сууцны нэг давхарт байсан 10 залууд иргэн А,Б нарын зургаан хүн буу тулган сүрдүүлж, залуусыг хутгалан 40 сая төгрөг болоод бусад эд зүйлсийг нь дээрэмдсэн хэрэг гарсан байжээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж аравдугаар сарын 11-нд буюу өнөөдөр 11.00 цагт Нийслэлийн Эрүү, иргэний давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцах тухай Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээллээ. Нийслэлийн Эрүү, иргэний давж заалдах шатны шүүх нь Барилгачдын талбайн баруун тал буюу Туул рестораны ард байрладаг. Ерөнхийлөгч тус шүүхийн ажилтнуудтай уулзаж, шүүхийн шинэчлэл, тулгамдсан асуудлаар ярилцана.
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа хамтран эрхлэх хуулийн этгээдийн хэлбэр нь хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл байхаар хуульчилсан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэх Цэцийн дунд суудлын хуралдааныг аравдугаар сарын 12-ны өдөр хийхээр товлосон боловч Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас уг хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан байна.
Төрийн албаны зөвлөл Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын, Нийслэлийн ИТХТ-ийн нарийн бичгийн даргын, мөн Ховд, Говь-Алтай аймгийн Тамгын газрын даргын сонгон шалгаруулалтыг зохион байгуулжээ. Харин өчигдөр тохируулагч болон хэрэгжүүлэгч 10 агентлагийн даргын сонгон шалгаруулалтыг явуулжээ. Тус сонгон шалгаруулалтад орох иргэдийг Төрийн албаны зөвлөл энэ сарын 7-нд бүртгэж дууссан аж.
Дулааны цахилгаан станцуудын өвөлжилтийн бэлтгэл ажил 75-90 хувьтай, мөн нүүрсний 12-60 хоногийн нөөцтэй байгаа талаар Эрчим хүчний яамнаас мэдээллээ. Түүнчлэн нийслэлийн зургаан дүүрэгт 1562 өрх айл тог цахилгаанд холбогдсон гэдгийг албаныхан онцолж байв. Өнгөрсөн долоо хоногт Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Болдхүүгээр ахлуулсан ажлын хэсэг “Багануур” ТӨХК,“Шивээ Овоо” ХК-д ажилласан байна.
Засгийн газар Монгол Улсын 2017 оны төсвийн хуулийн төслийг боловсруулахдаа хөдөө аж ахуйн салбарт зориулж 54 тэрбум төгрөгийг урамшуулал хэлбэрээр суулгажээ. Тодруулбал, хүнсний улаан буудайн урамшуулалд 16 тэрбум, ноосны урамшуулалд 22.3 тэрбум, арьс ширний урамшуулалд 15.7 тэрбум төгрөг тус бүр суулгасан юм байна.
“Хүчит шонхор” захад жижиглэнгээр үхрийн ястай мах 5500 төгрөг, цул мах 6000 төгрөг, адууны ястай мах 4000, цул махыг 4200 төгрөгөөр худалдаалж байна. Мөн хонины ястай мах 4200, цул мах нь 4600 төгрөг бол ямааны ястай мах 4000, цул махыг 4700 төгрөгөөр худалдаалж байна.
Татварын ерөнхий газарт өнгөрсөн баасан гаригт буюу энэ сарын 7-ны өдөр гал гарсан. НОБГ-ын 10 дугаар ангийн аврагчид шуурхай ажилласны үр дүнд галыг хохирол багатайгаар унтраажээ. Гал юунаас болж гарсан шалтгааныг НОБГ-ын улсын байцаагчид олж тогтоосон байна. Тодруулбал, ТЕГ-ын үүдний дээврийг засч байсан нэгэн компанийн ажилчид хар цаас нааж байгаад гал алдаж, 2-5 давхрын гаднах хөөсөн фасад шатсан байна. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.