Тайванийн ерөнхийлөгч Цай Ингвен өнгөрсөн тавдугаар сард төрийн тэргүүний суудлыг авснаас хойш анх удаа өчигдөр /2016.10.10/ тохиосон Үндэсний өдрөөр ард түмэндээ хандан үг хэллээ. Түүний хэлсэн үг Тайвань, Бээжингийн харилцааг хурцатгаж болохуйц жин дарав.
Цай Ингвен "Хятад улс Тайванийн Засгийн газар, арлын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, бодит байдалтай нүүр тулах хэрэгтэй” хэмээн мэдэгдлээ. Мөн тэрбээр Бээжингийн дарамт шахалтад толгой гудаахгүй хэмээжээ.
Цай Ингвений мэдэгдлийг ерөнхийлөгчийн ордны гадна цугласан 11 мянган хүн болон олон улсын 360 гаруй зочид алга ташилтаар хүлээн авчээ. Харин Бээжин түүний хэлсэн үгэнд хариу үйлдэл үзүүлээгүй байна. Гэхдээ Тайванийн асуудал хариуцсан Хятадын албаны хүн “Ямар ч хүчин, хэн нэгэн эх газрын 1.3 тэрбум хүний хувиршгүй ойлголтыг өөрчилж чадахгүй” хэмээн мэдэгдсэн аж.
Өнгөрсөн тавдугаар сард болсон ерөнхийлөгчийн сонгуульд Цай Ингвен ялалт байгуулсны дараа Бээжин “багагүй тэвдсэн”. Бээжингийн зүгээс Тайванийн шинэ ерөнхийлөгчид хандан тусгаар тогтнолын төлөөх аливаа үйлдлийг шууд цэргийн хүчээр таслан зогсоохоо хатуу мэдэгдсэн юм. Хятадын тив алгасах баллистик пуужин Тайванийг “онилсон” хэвээр байхад Цай Ингвений зоригтой мэдэгдэл анхаарал татаж байна.
Тайванийн ерөнхийлөгч Цай Ингвен "Хятад улс Тайванийн Засгийн газар, арлын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, бодит байдалтай нүүр тулах хэрэгтэй” хэмээн мэдэгдлээ.
Тайвань нь Вашингтон болон олон улстай харилцаа тогтоох замаар Хятадын дарамтаас гарахыг хичээж байна. АНУ нь 1954 онд Тайванийн эрх баригчидтай “Хамтаар хамгаалах гэрээ” гэдгийг байгуулж, хамгаалалтандаа авч байсан удаатай. Энэ нь Азид Хятадыг ганцаардуулах бодлогын хүрээнд хийгдсэн алхам байв. Харин өнөө цагт Өмнөд болон Зүүн Хятадын тэнгис дэх Бээжингийн түрэмгийллийн эсрэг АНУ хөрш орнуудад батлан хамгаалахын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх алхамыг хийж эхлээд байна. Тухайлбал, АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн тавдугаар сард Вьетнамын эсрэг зэвсгийн хоригийг бүрэн цуцалсан билээ.
Тайванийн өмнөх ерөнхийлөгч Ма Юн Жийн үед Бээжин нь арал дахь нөлөөгөө нэмэгдүүлж, харилцаагаа батжуулж байв. 1949 онд Хятадын иргэний дайн дууссанаас хойш Бээжин, Тайванийн эрх баригчид өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Сингапур улсад уулзсан юм. Бээжин нь Тайванийн эдийн засгийг хяналтандаа авахын тулд хөрөнгө оруулалтаар татаж, худалдаа наймааны чиглэлийг чөлөөтэй байлгаж иржээ. Гэвч Тайванийн хараат бус байдлыг дэмжсэн үзэл баримтлалтай Цай Ингвен гарч ирснээр Бээжинд амаргүй нөхцөл байдал үүсчээ.