Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Орхон, Булган, Хөвсгөл аймагт ажиллалаа

Хуучирсан мэдээ: 2016.10.10-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Орхон, Булган, Хөвсгөл аймагт ажиллалаа

Монгол Улсын Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэтбат энэ сарын 6-8-нд Орхон, Булган, Хөвсгөл аймагт ажиллалаа. Тэрээр Ерөнхий сайдаар томилогдсоноос хойшхи хугацаандаа долоон аймагт томилолтоор ажиллаад байна.

Эдгээр аймгийн иргэдтэй уулзалт хийх үеэрээ Ерөнхий сайд,

-УИХ-ын ээлжит бус хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө батлуулсан. Энэ хөтөлбөрт МАН-аас УИХ-ын сонгуульд дэвшүүлж оролцсон мөрийн хөтөлбөрийг 100 хувь тусгасан. Засгийн газраас ирэх 4 жилд хэрэгжүүлэх нийгэм, эдийн засаг, байгаль орчин, засаглалын олон зорилт туссан

-Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулсан, УИХ-д өргөн барихад бэлтгэж байна.

Эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газраас уул уурхайн томоохон төсөл, хөтөлбөрүүд болох Оюутолгойн далд уурхай, Тавантолгойн төсөл, Тавантолгойн цахилгаан станц, Дулааны III цахилгаан станцыг өргөтгөх төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, эрчимжүүлнэ

-Ахмад настан азай буурлууддаа “Насны хишиг” олгох эрх зүйн орчныг бүрдүүлнэ. 2017 оноос хэрэгжүүлэхээр төсвийн төсөлд 20 тэрбум төгрөг тусгасан. Нас ахих тусам насны хишиг нэмэгдэнэ. 70-79 настанд 100 мянга, 80-89 настанд 200 мянга, 90-ээс дээш настнуудад 300 мянган төгрөгийг жилд хоёр удаа олгохоор төсөвлөсөн. Хамтын тэтгэврийн хуульд 7 мянган ахмад л хамрагдах байсан бол “Насны хишиг” тэтгэврийг 78 мянган хүн хүртэх юм. Эдийн засаг сайжрахын хэрээр жилд хоёр удаа биш дөрвөн удаа буюу улирал тутам “Насны хишиг” олгохоор төлөвлөсөн.

-Их, дээд сургуульд суралцагч оюутны санхүүгийн дарамтыг бууруулахаар БСШУСЯ-ны дэргэдэх Сургалтын төрийн сангийн чиг үүргийг өргөжүүлж, Боловсролын зээлийн сан болгосон. Энэ сан оюутнуудад сургалтын төлбөрийн зээл олгоно. Мөн гурав болон түүнээс дээш хүүхэд нь зэрэг суралцаж байгаа өрхийн нэг хүүхдэд сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж олгоно. Хүүхдийн мөнгийг алагчлалгүй олгоно. Ингэхдээ 60 хувьд бэлнээр, 40 хувьд нь хуримтлалаар 2019 онд бөөнд нь олгоно гэлээ.

Ерөнхий сайдаар ажиллаж эхэлснээс хойш тэрээр бүх салбарын удирдлагуудтай уулзсан.

Эрчим хүчний салбарт л гэхэд 68 төсөл хэрэгжүүлэхээр боловсруулжээ. Энэ 68 төсөл, төслийн ТЭЗҮ-г боловсруулахад маш их хэмжээний хөрөнгө мөнгө, цаг хугацаа зарцуулсан. Эдгээр 68 төслийг бүгдийг хэрэгжүүлбэл манай улсын эрчим хүчний хэрэгцээ 20 дахин нэмэгдэхээр байгаа юм. Мөн барилгын салбарт л гэхэд барилгын тусгай зөвшөөрөлтэй компани 2012 онд 1800 бсан бол өнөөдөр энэ тоо 2,5 дахин өсөж 4600 болсон. Өнөөдөр зах зээл дээр 30 мянга гаруй орон сууц бэлэн болсон байна, худалдан авалт байхгүй, хөрөнгө түгжээд байгаа байна зэрэг салбар салбарын мэдээллийг авсан. Үүний дүнд энэ дөрвөн жилд салбартаа хамгийн оновчтой 3-5 үйлдвэр байгуулах үүргийг салбарын сайд, Засгийн газрын гишүүн бүрт өгсөн. Засгийн газрын бодлого оновчтой, маш тодорхой байх ёстой гэдгийг хэлж байлаа.

Эдийн засгаа сайжруулахын тулд гадаадын хөрөнгө оруулалтыг татахын зэрэгцээ үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлого явуулна, үүнд онцгой анхаарна. Энэ бол найдвартай хөрөнгө оруулалт. Иргэдийг үндэсний үйлдвэрлэлээ, бие биенээ дэмжих, худалдан авалт хийхийг уриалсан гэлээ.

Шинэ төрлийн татвар бий болгохгүй, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд 1,5 тэрбум төгрөгөөс бага жилийн орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэг хувь болгон бууруулна. Энэ асуудал иргэдээс дэмжлэг хүлээж байна. Мөн “Итгэлийн зээл” олгож, жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн аж ахуй, бичил бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлнэ гэж аймгийн иргэдтэй хийсэн уулзалтын үеэр ярьж байлаа.

Ж.Эрдэнэбат: Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг Орхон аймагт ажиллах үеэр уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд үйлдвэрийн бүтээн байгуулалт, эдийн засгийн нөхцөл байдлаа танилцууллаа. Өнгөрсөн жил ашиглалтад оруулсан Өөрөө нунтаглах үйлдвэрийн өргөтгөлтэй танилцсаны дараагаар Ерөнхий сайд орон нутгийн хэвлэл мэдээллийнхний асуултад хариулахдаа,

-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн худалдааг тойрсон асуудлаар Засгийн газар байр сууриа илэрхийлсэн, шийдвэрээ гаргасан. Монголын төр урьдын адил өөрийн эзэмшлийн 51 хувийн эрх мэдлээ Төлөөлөн удирдах зөвлөл болоод компанийн гүйцэтгэх удирдлагын түвшинд хэрэгжүүлнэ. “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явагдана. Эдийн засгийн нөхцөл хүндэрсэн, олон улсын зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унасан энэ үед “Эрдэнэт” үйлдвэр өртөг зардлаа бууруулахад анхаарч, ашиг орлоготой ажиллаж байна. Улсын үйлдвэрүүд дотроос ашигтай ажиллаж байгаа цөөн үйлдвэрийн нэг нь “Эрдэнэт” юм. Иймд “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагааг хэвээр хадгалж үлдэхийн төлөө Засгийн газар ажиллана гэлээ.

Ц.Даваацэрэн: Цомхотгол хийгээгүй, цаашид ч хийхгүй

Уулын баяжуулах “Эрдэнэ” үйлдвэрийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн,

-Энэ шилжилтийн үед үндсэн ажилчид, дунд шатны ажилчдын хүрээнд цомхотгол хийгээгүй, цаашид ч хийхгүй, харин удирдлагын бүтэц данхайсан, зардал өндөр байгааг өөрчилж, удирдлагын түвшинд зардал бууруулж, оновчтой менежмент хийнэ гэлээ.

Хэмнэлтийн бодлого сүүлийн гурван жилд эрчимтэй сайн явж байна. Энэ бодлогын үр дүнд гурван жилийн өмнө 6000 гаруй долллар байсан өөрийн өртөг өнөөдөр 4000 орчим болж 2000 доллараар буурсан. Шахааны бизнесээр Эрдэнэт алдартай гэдэг байсан үе бий, энэ үе мартагдсан.

Импортоор авдаг ханган нийлүүлэлтийн сэлбэг материалыг үндсэн үйлдвэрээс нь зах зээлийн үнээр авдаг болсон зэрэг бодитой ажлууд хийгдсэн. Манай үйлдвэр жилд 120 мянган тн цэвэр зэс үйлдвэрлэж экспортолдог байсан Өөрөө нунтаглах үйлдвэрийг ашиглалтад оруулснаар хүчин чадлаа 6 сая тн-оор нэмэгдүүлж, жилд 147 орчим мянган тн цэвэр зэс үйлдвэрлэх боломж бүрдсэн. Эдийн засгийн хүндэрсэн энэ үед Эрдэнэт үйлдвэр эдийн засгийн ашигтай ажиллаж байна. Энэ оны эхний есөн сарын гүйцэтгэлээр л гэхэд 30 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байна гэж ярилаа.

Аймагт тулгамдсан асуудалд Засгийн газар анхаарч ажиллана

Дэлхийн цэвэр усны нөөцийн 0,4 хувийг дангаараа бүрдүүлдэг Хөвсгөл нуураа хамгаалах ажлыг эрчимтэй зохион байгуулж, нуур орчмыг дахин төлөвлөлтөд оруулж, олон улсын төсөл хөтөлбөрт хамруулах, дэлхийн соёлын өвд бүртгүүлэх зайлшгүй шаардлага байна гэсэн саналыг Хөвсгөл аймгийнхан хэлж байв.

Чандмань-Өндөр сумын дунд сургуулийн барилга мөөгөнцөртсөн, сурагч багш нарын эрүүл мэндэд муугаар нөлөөлж байгаа. Мөн аймгийн нэгдсэн эмнэлэг ачаалал ихтэй байгаа гэж аймгийн удирдлагууд Ерөнхий сайдад уламжиллаа.

Ерөнхий сайд уулзалтын үеэр аймгийн нэгдсэн эмнэлгийн өргөтгөл болон сумын сургуулийн шинэ барилга барих асуудлыг шийдвэрлэж өгнө гэлээ.

Булган аймаг “Хөгжлийн хөтөч” үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулан батлуулжээ. Улсын хэмжээнд үйл ажиллагааны хөтөлбөрөө батлуулсан дөрвөн аймгийн нэг нь Булган юм. Тус аймаг хадлангаа бүрэн авсан, ургац хураалт 50 хувьтай байгаа ажээ.

Аймгийн төвд шинээр барих цэвэрлэх байгууламж, Булган сумын нэгдүгээр бүрэн дунд сургуулийн өргөтгөлийн барилгын хөрөнгө, мөн тус суманд баригдаж буй шинэ барилгын гүйцэтгэлийн хөрөнгийг шийдвэрлэж өгөхийг аймгийнхан хүслээ. Эдгээр асуудлыг судалж, анхаарал тавьж ажиллахаа Ерөнхий сайд хэллээ.

Малын гаралтай түүхий эдийг бэлтгэх, тээвэрлэх, боловсруулах, нийлүүлэлтийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлнэ. Дотоодын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих, үндэсний үйлдвэрт тушаасан малын арьс шир, ноос болон хүнсний улаан буудайн урамшуулалд зориулж 50 гаруй тэрбум төгрөг олгохоор ирэх оны төсвийн төсөлд тусгасан гэлээ.

Мал, мах экспортлоход Засгийн газар анхаарч ажиллана. Үүний тулд эхний ээлжинд малаа эрүүлжүүлэх, ОХУ болон бусад орны туршлагыг судлах учиртай гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлж байлаа.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж