Гайтид 900 орчим иргэн амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2016.10.09-нд нийтлэгдсэн

Гайтид 900 орчим иргэн амь үрэгджээ

Карибын тэнгист сүүлийн  10 орчим жилд болоогүй хүчтэй шуурга болсноор Гайти улсад 900 орчим хүн амь үрэгдэж, өмнөд хэсгийн зарим хотын байшин барилгын 90 хувь нурж сүйдсэн байна. Гамшигт өртсөн хотуудад байшин барилгын нурангид дарагдсан хүмүүс олон байх магадлалтай тул хохирогчдын тоо өсөхийг албаныхан мэдэгджээ. Цагт 230 км хүрч шуурсан Матью хар шуурганы үеэр тэнгисийн давалгаа нэмэгдэж, их хэмжээний хур тунадас орсон байна. Гайтийн засгийн газраас мэдээлснээр гамшигт өртсөн 350 мянган хүнд яаралтай тусламж хэрэгтэй байгаа гэнэ. Улаан загалмайн нийгэмлэгээс 6.9 сая ам.долларын өртөг бүхий эм тариа, майхан, ундны ус, ариутгалын бодис зэргийг Гайтид хүргүүлжээ.

Матью хар шуурга Гайти, Куба улсыг дайран өнгөрсний дараа  баасан гаригт АНУ-ын Флоридад хүрэхдээ хүч нь суларсан байна.  Гэсэн ч Флоридад онц байдал зарлаж, хар шуурганы бүсээс хүмүүсийг нүүлгэн шилжүүлжээ.

Дэлхийн хамгийн буурай орны нэг Гайти улсад 2010 онд хүчтэй газар хөдлөлт болон түүний дараах цусан суулга өвчний дэгдэлтээс болж олон мянган хүн амь үрэгдсэн юм. Гайтийн засгийн газраас газар хөдлөлтийн гамшгийн дараах бүтээн байгуулалтыг бүрэн дуусаж амжаагүй байхад тэнгисийн шуурганд өртлөө.

Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж