АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн өнөөдрийн мэтгэлцээн олон, олон сюрпризүүдээр дүүрэн болж өндөрлөв.
Доналд Трампын хувьд нүглээ наманчилсан орой болж өнгөрлөө. Бүгд Найрамдах намынхан Доналдын “Чи алдартай л бол эмэгтэйчүүдийг хүссэнээрээ байлгаж болно” хэмээн эрээ цээргүй, ил задгай үгс ашиглаж байгаа бичлэг цацагдсаны дараа түүнийг нэр дэвшүүлсэндээ харамсаж буйгаа илэрхийлж, нэрээ татах зөвлөгөөг өглөө. Харин Трамп үүнийг чихнийхээ хажуугаар хээв нэг өнгөрөөх жишээний. Дөрвөн эмэгтэйн хамт АНУ-ын ерөнхийлөгч асан Билл Клинтоныг буруутган доромжилж буй түүний энэхүү бичлэг нь Хилари Клинтонтай халз мэтгэлцэхээс хэдхэн хормын өмнө олонд дэлгэгджээ.
Энэ чинь зүгээр л үг шүү дээ хүмүүс ээ, зүгээр л хэдхэн үгс. Би гэр бүлийнхнээсээ уучлалт гуйсан. Би Америкчуудаас уучлал гуйсан гэв.
Харин Хилари Клинтоны хувьд түүний нөгөө л нэг хувийн имэйлний асуудал сөхөгдөв. Хамгийн дуулиан болчихмоор зүйл нь өнгөрөгч Ням гаригт Викиликс түүний 2000 хувийн имэйлийг олонд дэлгэв. Үүн дотор үнэ төлбөртэйгөөр Уолл Стрийтэд илтгэл тавьдаг, банкуудтай дотно холбоотой гэх асуудал хамгийн халуухан сэдэв болсон бөгөөд үүнийг тойрсон үзэгчдээс ирэх асуултуудад дарагдав. Асуулт дотроос хоёр нүүртэй байх нь тэгээд зүгээр үү? гэх хүндхэн асуултыг мэтгэлцээний үзэгчид илгээж байлаа. Харин тэрээр үүнийг Абрахам Линколны кинотой холбон тайлбарлахын сацуу Викиликсийн мэдэгдэл бол Оросын найруулж тавьсан уран бүтээл гээд асуудлыг Трампын татварын асуудал руу хурдхан шилжүүлж орхив.
Трамп хэрвээ ерөнхийлөгч болбол Клинтоныг шоронд хийнэ гэсэн бол Клинтон Трампыг эмэгтэйчүүдийг басамжлагч гэв.
Энэ мэтчилэн өнөөдрийн мэтгэлцээн телевизийн түүхэн дэх хамгийн гажиг мэтгэлцээн болж өндөрлөв.
Г.АНУДАРЬ
ЭХ СУРВАЛЖ: USATODAY