Хөлбөмбөгийг хөгжүүлж буй “Хүрхрээ” лиг өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2016.10.10-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөгийг хөгжүүлж буй “Хүрхрээ” лиг өндөрлөлөө

Улсын хэмжээнд зохиогдож буй спортын тэмцээн, уралдаануудаас хамгийн өндөр шагналын сантайд зүй ёсоор тооцогддог “Хүрхрээ” үндэсний дээд лиг өчигдөр хаалтаа хийлээ.

“Хүрхрээ” үндэсний дээд лигийн энэ улиралд 10 багийн 280 гаруй тоглогчид өрсөлдсөн нь дээд лигийн түүхэн дэх анхны тохиолдол бөгөөд байр бүр шагналтай гэдгээрээ бүр ч онцлогтой жил байлаа.

"Хүрхээ" Үндэсний дээд лигийн ерөнхий спонсороор Монголын хөлбөмбөгийн холбооны албан ёсны түнш "Арвайн үндэс" ХХК хоёр дахь жилдээ хамтран ажиллаж, лигийн аварга багт 100 сая төгрөгийн шагналаа олголоо. "Арвайн үндэс" ХХК Монголын хөлбөмбөгийн холбоотой дөрвөн жилийн хугацаатай 500 сая төгрөгийн гэрээг үзэглэсэн нь өнөөдрийн "Хүрхрээ" лигийн амжилт, хөлбөмбөгийн хөгжил, тамирчдын ур чадварыг дээшлүүлэхэд бодит дэмжлэг болж чадсаныг лигийн тоглолтын чанар, амжилтын ур чадвар гээд олон үзүүлэлтээс харж болохоор болжээ.

Өнгөрсөн жилээс үндэсний дээд лигээ “Хүрхрээ” хэмээн нэрийдсэнээс хойш “Эрчим” клуб дарааллан аваргалж, мөнгөн медалийн оосроос “Эрдэнэт үйлдвэр”-ийн “Хангарьд” клуб бат атгасан байлаа.

Харин тодорхой болоогүй байсан гуравдугаар байрыг “Улаанбаатарын унаганууд”, “Хоромхон” багууд булаалдахад “Улаанбаатарын унаганууд” шаардлагатай байсан хоёр гоолын зөрүүгээр хожиж чадалгүй, хоорондын тоглолтоор ялагдсанаар “Хоромхон” 20 сая төгрөгийн үнэтэй хүрэл медалийг хүртлээ.

“Хоромхон” багаас 20 сая төгрөгийн үнэ цэнэтэй гоолыг баруун жигүүрийн хамгаалагч О.Оюунбаатар 82 дахь минутад оруулсан.

ЛИГИЙН ШИЛДГҮҮД

  • Шилдэг хаалгач: Б.Ариунболд (Эрчим),
  • Шилдэг хамгаалагч: Д.Төрбат (Хоромхон),
  • Шилдэг хагас хамгаалагч: М.Төгөлдөр (Эрчим),
  • Шилдэг довтлогч: О.Мижиддорж,
  • Шилдэг шүүгч: Б.Хаш-Эрдэнэ

Өчигдөр /2016.10.09/ болсон лигийн хаалтын тоглолтын үеэр “Улаанбаатар сити” багийн эзэн багийнхаа шилдэг тоглогч М.Алтанхүүд суудлын авто машин, таван сая төгрөгийн хамт гардуулсан нь энэ улирлын онцлох үйл явдлын нэг байлаа. Түүнчлэн өнгөрсөн жилээс эхлэн хамгийн цэвэр тоглолттой багт гардуулах болсон “Шударга тоглолт”-ын эрхийн бичгийг 18 тойрогт хамгийн бага шар, улаан хуудас авсан “Улаанбаатар” клубын залуус хүртлээ.

“МИАТ” ХК-ын хамт олны дэмжлэгтэйгээр “Хүрхрээ” үндэсний дээд лигийн нэг азтай үзэгч Германы алдарт клуб “Борусиа Дортмунд”-ын тоглолтыг үзэх эрхтэй болсон юм. Тэрхүү азтаныг мөн өчигдөр тодруулахад “00005095” дугаартай тасалбарын эзэн (МХБХ байранд ирж, эрхийн бичгээ авна уу) тодорсон юм.

“Хүрхрээ” лигийн хүрээнд зургаан сарын турш 18 тойргийн 96 тоглолт явагдахад NTV телевиз 68 тоглолтыг нь шууд дамжуулсан бөгөөд давхардсан тоогоор 350 мянга гаруй үзэгчид “Хүрхрээ” үндэсний дээд лигийн тоглолтууд хүрчээ.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж