“Жизель”-ээр эхэлсэн театрын бэлэг

Хуучирсан мэдээ: 2016.10.10-нд нийтлэгдсэн

“Жизель”-ээр эхэлсэн театрын бэлэг

Амралтын өдрүүдэд театрыхан амрах завгүй өнжлөө. Драм болон Дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид шинэ улирлын тоглолтоо эхлүүлсэн.

Дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид 54 дэх улирлын нээлтийн тоглолтоо дэлхийн сонгодог бүтээлээр эхлүүллээ. Сонгодог урлагт дуртай үзэгчдээ театрын уран бүтээлчид А.Аданы “Жизель” балетаар бэлэг барьсан. Энэ нь сонгодог урлагт дуртай үзэгчдийн хүсэн хүлээсэн нэгэн тоглолт байсан юм. Хоёр хоног танхим дүүрэн үзэгчдийн алга ташилтад бүжсэн театрын уран бүтээлчдийн 54 дэх улирал ийнхүү эхэллээ.

ЖИЗЕЛЬД ЮУГ ӨГҮҮЛДЭГ ВЭ?

Францын алдарт хөгжмийн зохиолч А.Адан "Жизель” хайр дурлалын эмгэнэлт бүжгэн жүжгээ хуримлаж амжилгүй нас нөгчсөн охидын сүнсний тухай эртний домгоос сэдэвлэн бүтээсэн юм. Тариачин охин Жизелийн үнэнч, ариун хайрыг харуулах энэхүү бүжгэн жүжгийг Романтизмын үеийн шилдэг бүтээл гэдэг. Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковский “Хунт нуур” бүжгэн жүжгээ бичихийн тулд “Жизель”-ийн хөгжмийг нарийн судалж, санаа авсан гэдэг.

"Жизель”-ийг анх 1841 оны зургадугаар сарын 28-нд Жин Коралли, Юлис Перрот нарын дэглэлтээр Францын Парис хотын "Гранд Опера” театрын тайзнаа амилуулжээ. Дараа нь 1884 оноос эхлэн балетмейстер Мариус Петипагийн дэглэлтээр тавьсан байдаг аж. Харин Монголын театрын тайзнаа 1979 оны арванхоёрдугаар сарын 22-нд анх “Жизель”-ийг авчирсан.

ЖИЗЕЛИЙГ 12 САРД ДАХИН ТОГЛОНО

Энэхүү алдарт бүтээлийг 54 дэх улирлын нээлт болгон тоглох болсон талаар театрын Ерөнхий балетмейстер Б.Жаргалаас тодрууллаа.

-Театрын 54 дэх улирлын нээлтийг яагаад “Жизель” балетаар нээхээр болов?

-Театрын улирлын нээлт дуурь, балетын аль нэг нь байдаг. Өнгөрсөн жил дууриар нээж байсан. Бид 54 дэх улирлыг “Дон Кихот” балетаар нээхээр төлөвлөж байсан ч санхүүгийн асуудлаас болоод больсон. Тэгээд А.Аданы алдарт “Жизель” балетаар нээлтээ хийхээр болж, бэлтгэлдээ орсон. Энэ бүтээлийг бас сонгосон нэг шалтгаан бий.

-Ямар шалтгаан?

-Зарим хүмүүс асууж байна. Улирлын нээлтийг яагаад “Хунт нуур” ч юмуу өөр балетаар нээгээгүй юм бэ гэж. Уран бүтээлчдийн хувьд сар гаруй хугацаанд амралтын байдалтай байж байгаад орж байгаа учраас форм алдагдах талтай байдаг. Мөн бүжгийн тавилтын хувьд “Жизель”-ийн бэлтгэлд ороход хурдацтай байдаг учир сонгосон байгаа.

-Жизель балет бусад балетаас юугаараа онцлог вэ?

-Энэ балет драм тал руугаа учраас үзэхэд ойлгомжтой. Хоёр хоногийн турш бид балетын үзэгч түмэнтэйгээ уулзлаа. Театрт ирж, сонгодог бүтээлийг шимтэн үздэг үзэгч түмэндээ баярлалаа. Гэхдээ бид “Жизель”-ийг оноос өмнө дахин тоглоно. Тэр өдөр 12 сарын 4-ний өдөр байх юм. Тэгэхээр үзэж амжаагүй үзэгчдийн хувьд дахин боломж байгаа гэдгийг хэлмээр байна.

 

МОНГОЛЫН ДУУРИЙН ТЕАТРТ ДАХИН ТОГЛОХ БОЛОМЖ ОЛДСОНД БАЯРТАЙ БАЙНА

Театрын 54 дэх улирлын нээлтийн тоглолтыг Италийн удирдаач Стефано Салватори удирдсан. Түүнээс тоглолтын талаарх сэтгэгдлийг сонслоо.

-Сонгодог урлагийг шимтдэг үзэгчдийн хувьд театрын нээлт онцгой боллоо. Таны хувьд нээлтийн тоглолтыг удирдсан онцгой байсан. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Өнгөрсөн тавдугаар сард Э.Амартүвшиний тоглолтын үеэр танай улсад анх удаа ирсэн. Тиймээс энэ удаагийн урилгыг дуртай хүлээн авлаа. Үнэнийг хэлэхэд би дахин гайхалтай сайхан мэдрэмжийг авлаа. “Жизель”-ийг үзсэн бүх үзэгчдэд баярлалаа. Бас намайг дахин урьсан театрын захиргааны хамт олонд талархаж байна. Мэдээж бүх зүйл гайхалтай байсан.

-Та Монголын дуурийн театрын урлагийг хэрхэн дүгнэж байна вэ?

-Би Монголд ирээд гайхсан. Энэ асуултанд гайхалтай дүн өгнө. Яагаад гэхээр Монголын дуурийн театрт ороод ирэхэд бүх зүйл илэрхий байсан. Би энэ хүндтэй хүмүүсийн зургийг хараад биширлээ. Театрын өнгө засалтаас эхлээд гайхалтай байна. Би хавар Э.Амартүвшиний тоглолтод оролцсны дараа надад дахин боломж олдох байх гэж бодож байсан. Гэтэл театрын нээлтийн тоглолтод дахин уригдлаа. Монголын үзэгчидтэй дахин уулзах завшаан олдсонд талархаж байна. Би одоогоор Итали улсын “Ла Скала” театрт ажилладаг. Манай театр дуурийн сонгодогийг авч хадгалсан үлдсэн театруудын нэг. Мөн уламжлалаа авч үлдэхээс гадна орчин үеийн урлагийн бүтээл дээр ажилладаг. Энэ уламжлал ч Монголын театрт байна. Бас тэд дуурь, балетыг шинэлэг хэлбэрт тавьж байгаа нь их таалагдлаа. Юмыг хийх хүсэлтэй, сэтгэлтэй хүмүүсийг хараад надад баярлахгүй байхын аргагүй байна. Театрын нээлтийн тоглолтод ирсэн бүгдэд баярлалаа.

Ийнхүү Дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид 54 дэх улирлын тоглолтоо эхлүүллээ. Энэ сард тус театрын уран бүтээлчид “Кармен”, “Гүнгэрийн гүнж”, “Айда” дуурь, “Хунт нуур” балетыг үзэгч түмэндээ хүргэх аж.

Итали улсын “Ла Скала” театрын удирдаач Стефано Салватори

    “ЖИЗЕЛЬ”, “КАРМЕН”, “ХУНТ НУУР”-ТАЙ АРАВДУГААР САР

    Аравдугаар сар сонгодогийн үзэгчдийн хувьд тааламжтай өдрүүд байх болно. Дуурийн театр “Жизель” балетаар нээлтээ эхэлсэн бол дараах бүжгэн жүжиг, дуурийг үзэгчдэдээ бэлэг болгон тайзнаа амилуулахаар болжээ.

    • Аравдугаар сарын 15-нд 17.00 цагаас Ж.Бизе “Кармен” дуурь
    • Аравдугаар сарын 16-нд 17.00 цагаас Ж.Бизе “Кармен” дуурь
    • Аравдугаар сарын 22-нд 17.00 цагаас Ц.Нацагдорж “Гүнгэрийн гүнж” дуурь
    • Аравдугаар сарын 23-нд 17.00 цагаас П.И.Чайковский “Хунт нуур” балет
    • Аравдугаар сарын 29-нд 17.00 цагаас Ж.Верди “Айда” дуурь
    • Аравдугаар сарын 30-нд 17.00 цагаас Ж.Верди “Айда” дуурь
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж