-Их л залуухан санагдана даа, бодогдоно доо хө
Элээсэн оймсоо хэлэлцэх үү дээ, болих уу даа хө… гэсэн уймраа хүний дуу шиг барьсан, тавьснаа мартаад байна уу? Тэгвэл стресст оржээ. Хийморийн сан тавиулснаас эртхэн сэтгэл зүйчид хандсан нь дээр гэдгийг эмч нар зөвлөв.
Хотын замын түгжрэлээс болоод шүргэлцэх төдийд л гарч ирээд цохилцоод авах уур омогтой залуус улам олшроод байгаагийн шалтгаан нь бас л стресс. Автобусанд явахад чинь ажлаа хийж амжихгүй байхад ачааллаар дараад байна гэж найздаа яншин яваа бүсгүйн шалтгаан ч түүнтэй л холбоотой гэнэ.
Сэтгэц маань “эвдэрч” эмгэгтэй болсноос хөдөлмөрийн бүтээмжээс эхлээд дотнынхонтойгоо муудаж, ааш аяг нь олдохоо байж, эцэстээ хадан гэрт очихоос наагуур “хадтай” газрыг бараадах болов. Бидний хэлж заншсанаар “Шар хад” буюу Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд эмчлүүлэхээр дугаарлагсдын тоо зуу хол давсан нь бид сэтгэцийн ямар их асуудалтай болж байгааг бэлхээн гэрчлээд өгнө.
Дэлхийн дөрвөн хүн тутмын нэг нь амьдралынхаа хугацаанд сэтгэцийн ямар нэг эмгэгт нэрвэгддэг талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоожээ. Тэгвэл хөдөлмөрийн чадвараа алддаг 10 өвчний 5 нь сэтгэцийн эмгэг (сэтгэл гутрал, архаг солиорох эмгэг, сэтгэл цочирдлын хоёр туйлт эмгэг, архины хэрэглээтэй холбоотой эмгэгүүд, ялимгүй зовлонт байдлын эмгэгүүд) байна. Харин Монгол Улсын хэмжээнд хөдөлмөрийн чадвараа алдсан нийт хүмүүсийн дотор сэтгэцийн эмгэгтэй хүмүүс 15 хувийг эзэлдэг гэнэ. Одоогоос арван жилийн өмнө дэлхийн хэмжээнд нийт өвчлөлийн 10 хувийг сэтгэц зан үйлийн эмгэг эзэлж байсан бол 2020 онд 15 хувь болж нэмэгдэх магадлалтай гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) тооцоолжээ.
Энэ тооцоолол дутуудуулсан уу гэхээс илүүдүүлээгүй бололтой. Зөвхөн Монголд гэхэд л 2015 онд нийт 6767 сэтгэцийн өвчлөл бүртгэгдсэнээс 40,3 хувь нь шинээр оношлогдсон өвчлөл байна. Өөрөөр хэлбэл, дунджаар 2500-3000 орчим хүн жилдээ сэтгэцийн өвчлөлд өртөж байна гэсэн үг. Сэтгэцийн эрүүл мэндийн төвөөс 2013 онд хийсэн судалгаагаар насанд хүрсэн хүмүүсийн 18.5 хувь нь сэтгэл түгшилттэй, 17.1 хувь нь нойрын эмгэгтэй, 16.2 хувь нь мэдрэл сульдалтай, 4.4 хувь нь сэтгэл гутрах эмгэгтэй болсон нь тогтоогджээ. Тэгэхээр бидний сэтгэц ямар эрсдэлтэй төвшинд хүрсэн бэ гэдэг нь ойлгомжтой. Ийм болсон болохоор ч хүний ой тойнд багтамгүй хэрэг сүүлийн жилүүдэд гарах болсон.
Мориныхоо толгой руу ташуур далайдгүй монголчууд ойр дотныхноо, тэр бүү хэл төрсөн үрээ, үр нь ээжийгээ хөнөөсөн тохиолдол ч чих дэлсэх болов. Энэ бас л сэтгэцтэй холбоотой. Үүнтэй холбоотой нэгэн тоог иш татвал, 2015 онд Шүүхийн сэтгэцийн эмгэг судлалын магадлан шинжилгээнд гэмт хэрэгт холбогдсон буюу үйлдсэн 1023 хүн оржээ.
Энэ тоо 2014 онд 1060 байсан бол түүний өмнөх жил нь 914 байжээ. Өөрөөр хэлбэл, гурван жилийн дотор 3000 илүү гэмт хэрэгт холбогдогч шинжилгээнд орсон гэсэн үг. Үүний цаана сэтгэцийн өвчтэй хэчнээн хүн гэмт хэрэг үйлдсэнийг хэлэхэд бэрх. Магадгүй хэд маань ч гэнэт сэтгэл цочирдолд ороод хэрэг хийхэд “бэлтгэгдэж” байгааг чөтгөр бүү мэд.
Тодорхой зүйл гэвэл, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн зүгээс сэтгэцийн тулгамдсан асуудал хүн амын дийлэнхэд ажиглагдах болсон гэдгийг анхааруулж байна.
Гэтэл төрийн зүгээс энэ асуудалд нүдэн балай, чих нь дүлий байсаар… ДЭМБ-ын 2001 оны санхүүгийн тайлангаас үзвэл Египетэд эрүүл мэндийн нийт зардлын 9%, Австралид 6.5%, Солонгост 3%-ийг сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зарцуулж байгаа бол Монгол улсад эрүүл мэндийн нийт төсвийн 2%-ийг сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зарцуулдаг боловч үүнээс 64% нь ор бүхий эмнэлгүүдэд зарцуулдаг гэнэ. Энэ бүхний шалтгаан нь олон байгаа ч гол нөлөөлж буй хүчин зүйлс нь ажилгүйдэл. Бага орлого. Ажилгүйдлээс үүдсэн архидалт. Харин манай төрийн түшээд архидалтыг бууруулахын тулд татвар нэмж, өндөр үнэтэй болгох, тодорхой цаг, цэгээр журамлах нь зүйтэй гэж хуурай хууль батлахыг хичээдэг, ярьдаг. Энэ арга барил амжилтгүй, оновчгүй гэдгийг өнгөрсөн зууны архийг хорьсон АНУ-ын хуурай хууль батална. Харин ч эсрэгээрээ ажлын байрыг нэмэгдүүлж, орлогоо нэмэгдүүлэх, амгалан тайван амьдрах боломжийг гэмээнэ сэтгэцийн эмгэгийг бодитоор бууруулна. Ажлаа хийгээд яваа хүнд архидах зав олдохгүй л болов уу.
Тиймээс энэ асуудалд бодитой хандаж, дорвитойгоор хөрөнгө хаях цаг нь хэзээний болжээ.
О.Дашбалбар агсны хэлсэнчлэн,
-Алс хэт нь үгүй юм бол их санаагаар ч яах юм
Ард түмэн нь үгүй юм бол их мэргэдээр ч яах юм бэ?!