“Улаанбаатар” наадам “Зуд”-аар нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2016.10.10-нд нийтлэгдсэн

“Улаанбаатар” наадам “Зуд”-аар нээлтээ хийнэ

Дэлхийн сор болсон артхаус бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэдэг найм дахь удаагийн “Улаанбаатар” Олон улсын кино наадмыг энэ аравдугаар сарын 11-нээс 14-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Уг наадам дэлхийн шилдэг Канн, Берлины олон улсын кино наадамд шалгарсан Англи, Афганистан, Герман, Франц, Польш, Солонгос, Тайвань зэрэг орны 10 кино бүтээлийг олон нийтэд толилуулах юм. 

“Улаанбаатар” Олон улсын кино наадмын нээлт Берлины олон улсын кино наадамд сонгогдсон, Польш, Герман, Монголын хамтарсан, найруулагч Марта Миноровичийн “Зуд” киногоор энэ сарын 11-ний 19 цагаас Тэнгис кино театрт нээх юм байна.  Харин тус киног дахин ганцхан удаа олон нийтэд энэ сарын 12-нд “iCinema” кино театрт 3000 төгрөгийн тасалбартайгаар үзүүлэх гэнэ.

Тус кинонд 11 настай Сүхбат хүү Монголын өргөн уудам тал нутагт гэр бүлийнхэнтэйгээ мал маллан амьдардаг. Сүхбат суурин газарт сургуульд явах, эсвэл хээр тоглох зэргээр малын бэлчээрт аав ээждээ туслах ажлаас хөндийрөх үе байдаг. Хахир хатуу өвөл тэдний мал хуйг сүйтгэж амьдрах хэцүү болно. Сүхбатын аав амьдрахын тулд өөр зам хайхаас өөр аргагүйд хүрнэ. Хэрэв бүсийн хурдан морины уралдаанд айрагдвал тэдний амьдралд мөнгө, баялаг, нэр хүнд авчирна. Тиймээс аав нь Сүхбатыг эмнэг морь сургах, хурдны морь унахад сургаж эхэлснээр хүүгийн гарт ар гэрийнхээ амьдралын ирээдүйг даатгана. Энэ шинэ үүрэг хариуцлагыг үүрснээр Сүхбат зөрчиж болшгүй уламжлал, байгалийн эрхшээлийг дагаж амьдрах хэрэгтэй болно. Монголын тал нутгийн сүр хүч байгалийн үзэгдлийн дараа хүн бүр хохирол амсдаг тухай өгүүлэх ажээ.

“Зуд” киноны шалгаран оролцсон наадмууд ба шагнал: 

  • 2016 оны Берлиний олон улсын кино наадмаар дэлхийн нээлтээ хийсэн.
  • Францын Cinéma du Réel (FR) наадмаар олон улсын нээлтээ хийсэн.
  • Уругвайн олон улсын кино наадам
  • Хонконгийн олон улсын кино наадам
  • Латвийн Vilnius ОУ кино наадам (LT)
  • Бээжин олон улсын кино наадам

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж