Монгол Улсад арилжааны банк үүсч хөгжөөд 90 гаруй жил болж байна. Энэ хугацаанд 17 арилжааны банк тогтвортой үйл ажиллагаа явуулдаг болжээ. Гэвч өнөөдөр зээлийн хүүгийн дарамт их байгааг аж ахуй нэгжийн төлөөлөл хэлдэг.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат арилжааны банкуудын төлөөлөлтэй уулзахдаа “Монголд ашигтай ажилласан ганц салбар бол арилжааны банк. Өнөөдөр зээлийн хүүгийн дарам их байгааг бусад салбарынхан хэлдэг. Тиймээс үүнийг зохицуулах хууль эрх зүйн орчин бий болгоод, олон улсын банк оруулж ирэх асуудлыг судална” гэж мэдэгдсэн.
Тэгвэл олон улсын банк оруулж ирэх асуудлыг УИХ-ын гишүүд дэмжиж байгаа эсэхийг тодрууллаа.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Олон улсын банк оруулж ирэх шаардлагатай гэдгийг олон жилийн өмнөөс ярьсаар ирсэн. Өнөөдрийг хүртэл хэдэн арилжааны банкны эзэд саад тотгор учруулж байгаа. Миний бодлоор олон улсын банк оруулж ирэх шаардлагатай.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Банкны бүтцийг сайжруулах шаардлагатай байгаа шүү дээ. Тиймээс бүтцийг сайжруулахын тулд либералчлах хэрэгтэй гэж харж байна. Эрүүл өрсөлдөөн бий болговол хадгаламжийн хүүгээр биш зээлийн хүүгээр өрсөлддөг нөхцлийг бид бий болгох ёстой байгаа юм. Одоо бол банкууд хадгаламжийн хүүгээр өрсөлдөөд байна. Гэтэл зээлийн хүү өсөөд байдаг. Монголын бодит амьдрал дээр зээлийн хүү буурах нь чухал. Иймд банкууд хадгаламжийн хүүгээр биш зээлийн хүүгээр өрсөлддөг болохын тулд либералчлах хэрэгтэй гэж харж байна.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Олон улсын банк оруулж ирж болно. Үүнийг дэмжиж байгаа. Дэлхийн нийтэд гадаадын банк оруулж ирээгүй улс бараг байхгүй. Олон улсын банкны менежментыг оруулж ирээд, арилжааны банктай өрсөлдөхүйц хэмжээнд ажиллах нь олон эерэг нөлөөтэй. Ялангуяа үйлдэр аж ахуй нэгжүүдэд чухал ач холбогдолтой. Гэхдээ хязгааргүй олон банк оруулж ирэх бус Монгол Улсын мөнгөний бодлогод тулгуурласан, хатуу шаардлагатай, хууль эрх зүйгээр тодорхой үйлдлийг хязгаарлаж чадсан байх ёстой. Ингэснээр нийт аж ахуй нэгжид тулгарч байгаа хүүгийн дарамтаас ангижрах давуу талтай. Үүнийг Монголбанк онцгойлон анхаарч ажиллах ёстой.
Монголын банкны холбооны ерөнхийлөгч О.Орхон: Яагаад гадны банкыг оруулж ирэхийг эсэргүүцээд байгаа юм бэ гэвэл нэгдүгэрэт цаг нь болоогүй байна. Хоёрт, эдийн засагт шууд ноёрхол тогтоох эрсдэлтэй. Гадны банкийг дагаад гадны компаниуд, харилцагчид нь орж ирдэг. Өнөөдөр монголын компаниуд хямралтай байгаа, муу зээлтэй байгаа. Ийм нөхцөлд гадны компаниуд давуу эрхтэйгээр бизнесүүдийг худалдаж авна. Дотроо өрсөлдөх чадвар муутай байгаа энэ үед гадныханд тийм том өрсөлдөөний давуу тал өгч болохгүй.