Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-ын мэдэлд байсан 49 хувийг зарсантай холбоотой үйл явдлууд ид өрнөж байна. “Эрдэнэт” үйлдвэр тухайн үеийн нэрээр БНМАУ, ЗХУ-ын Засгийн газар хоорондын гэрээний дагуу 1973 оноос үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Хоёр улсын Засгийн газар хоорондох гэрээнд 1991 онд өөрчлөлт оруулан энэхүү үйлдвэрийн 51 хувийг Монголын Засгийн газар, үлдсэн 49 хувийг ОХУ-ын Засгийн газар эзэмшиж ирсэн. 2008 онд ОХУ-ын Засгийн газрын мэдэлд байсан үйлдвэрийн 49 хувийг “Ростехнология” корпорацид шилжүүлсэн, харин 2015 оны сүүлээр “Ростехнология”-ийн охин компани болох “РТ-Развитие бизнеса”-ийн мэдэлд байсан.
“Эрдэнэт” үйлдвэр дэх 49 хувиар монголчуудад зарсан мэдээг өнгөрсөн зургадугаар сарын 28-ны өдөр тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг олон нийтэд мэдээлсэн. Энэхүү мэдэгдлээс үүдэн “Эрдэнэт”-ийн 49 хувийг авсан монголчууд хэн бэ гэдгийг хүмүүс сонирхож эхэлсэн. Албан ёсны мэдээгээр оросуудад байсан 49 хувийг “Монголын зэс” корпорац худалдан авсанаар “Эрдэнэт” үйлдвэр монголчуудын мэдэлд бүрэн ирж байгаа юм. 51 хувь нь Монголын төрийн мэдэлд хэвээр байгаа. Энэхүү наймааны өртөг хэд байсан талаар тодорхой мэдээлэл байхгүй. Оросын талын эх сурвалжуудад гарсан мэдээллээр монголчууд 700 сая ам.доллараар анх үнэлсэн ч эцсийн дүндээ 500 сая ам.доллараар наймаа хийгдсэн. Гэхдээ 400 саяар “Эрдэнэт”-ийн 49 хувийг, “Монголросцветмет”-ийг 100 саяар үнэлсэн гэсэн мэдээлэл түгсэн.
“Ростехнология” корпорацийн ерөнхий захирал Сергей Чемезов Монголын “Эрдэнэт” үйлдвэрийг оруулаад оросын зэсийн ордуудыг нийлүүлэн дэлхийн том зэс үйлдвэрлэгч болох зорилготой тухай олон жилийн өмнөөс бичиж ирсэн. Сергей Чемезовын энэ мөрөөдөл биелэхэд ОХУ-ын Байгаль хавьд орших 26 сая тонн зэсийн нөөцтэй Удоканы орд ихээхэн чухал үүрэгтэй. Монголын “Эрдэнэт” Ази тивдээ томд орох орд бол Удокан нь дэлхийд томд орох орд юм. 1949 онд нээгдсэн энэ ордыг оросууд 1990 оноос хойш ашиглах гэж оролдож нэг бус удаа олон улсын тендер зарлаж байсан. Харин одоо энэ ордыг “Металлоинвест” групп ашиглахаар бэлтгэл ажилдаа ороод байгаа. 2019 оноос зэсээ гаргаж эхэлнэ гэсэн тооцоотой аж. Газарзүйн болон байгаль цаг уурын хүнд нөхцөлд оршиж байгаа учраас энэ ордын ашиглалт өндөр хөрөнгө оруулалт шаардаж байгаа бөгөөд нэг тэрбум ам.доллар гэсэн урьдчилсан тооцоотой.
Сергей Чемезовын их зорилгод багтаж байсан “Эрдэнэт” үйлдвэрийн хувийг зарах болсон нь хүмүүсийн анхаарлыг татаж байгаа бөгөөд сүүлийн хоёр жил үргэлжилж байгаа барууны орнуудын хоригоос шалтгаалан ОХУ-ын төсвийн алдагдал нэмэгдсэн байгаа учраас төрийн мэдлийн хөрөнгөө зарах шаардлага үүссэнтэй холбон тайлбарлаж байгаа. “Эрдэнэт” үйлдвэрийн хувийг монголчууд ямар нэг хувьцаа болоод объектоор биш бэлэн мөнгөөр худалдан авсан нь дээрх тайлбарыг нотолж байгаа. “Эрдэнэт”-ийн хувийг бэлэн мөнгөөр зарсан нь хамгийн өндөр үнийн дүнтэй хийгдсэн бэлэн мөнгөний арилжаа болсон хэмээн тухайн үедээ Оросын хэвлэлүүд бичиж байсан. Сүүлийн өдрүүдэд зарим нэг нефтийн компанийн төрийн өмчийн хувиа зарж төсвийн орлогоо нэмэгдүүлэх гэж байгаа талаар мөн мэдээлж байна.
Наймаа хийгдэж “Эрдэнэт”-ийн 49 хувь хувьд очлоо. Төрийн өмч, хувийн өмчийн захиран зарцуулалтын үр ашиг ямагт хувийн талдаа илүү үр дүнтэй байдаг нь амьдрал дээр нотлогдсон зүйл. Монголчууд “Эрдэнэт”-ийг төсвийн “саалийн үнээ” хэмээн нэрлэж заншсан. Үнэн хэрэгтээ энэ үйлдвэр улстөрчдийн, тэднийг тойрсон компаниудын “саалийн үнээ” байсан нь үнэн. Тэгвэл энэ үйлдвэрийн тал хувь хувьд очсоноор энд эрүүл менежмент үйлчлэх нь тодорхой. Хэн ч худалдаж авсан зүйлээ үхмэл хөрөнгө болгохыг хүсэхгүй. Мөнгөө төлж худалдаж авсан бол оруулсан хөрөнгөө арвижуулах л зорилго байгаа. Үүнд буруу зүйл байхгүй. Тэр тусмаа оросууд Удоканы зэсийн ордоо ашиглаад эхэлчихвэл энэ ордын зэсийн хамгийн боломжит худалдан авагч нь Хятад байх юм. Одоо “Эрдэнэт”-ийн зэсийн баяжмалын гол худалдан авагч мөн Хятад байгаа. “Эрдэнэт”-ийн ордын хүдэр дэх зэсийн агууламж буурч ашиглалтын зардал нэмэгдсээр байгаа нөхцөлд “Эрдэнэт”-ийн зэсийн үнэ Удоканыхтай өрсөлдөж чадахгүй. Тиймээс үнэхээр монголчууд саалийн үнээтэй байж сүүтэй цай ууя гэж бодож байгаа бол “Эрдэнэт” үйлдвэрийн компанийн засаглалыг сайжруулах, илүү үр ашигтай ажиллагаанд шилжүүлэх шаардлага зүй ёсоор урган гарч ирж байна. Түүнээс биш “хүний нохой идэхээр өөрийн нохой долоо” гэсэн сэтгэлгээгээр тулга тойрсон хэрүүл хийх нь хэнд ч ашиггүй. Шинэ эзэд харин бизнесийн ямар шинэ менежмент явуулах гэж байгаагаа зарлан, ил тод ажиллах цаг нь ирээд байна.