Дарханыхан мод тарилаа

Хуучирсан мэдээ: 2016.10.09-нд нийтлэгдсэн

Дарханыхан мод тарилаа

Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын хамт олон иргэдтэйгээ хамтран өчигдөр /2016.10.08/ мод тарилаа.

Энэ удаагийн мод тарих нийтийн арга хэмжээнд Улаан загалмайн хороо, Иргэний танхимын хамтарсан хэлэлцүүлгээс гарсан санаачлагын дагуу сайн дурын идэвхтнүүд өөрсдийн хүсэлтээр нэгдэн Морин хуур цогцолборын зүүн талд эхний ээлжид 150 гаруй ширхэг бургасыг тарьж “Дархан-55” төглийг байгуулав. Тус төглийг гурван жил түүнээс цааш томоохон төгөл болтол нь дээрх байгууллагууд хариуцан арчилгаа тордолгоо хамгаалалтыг хийх ажээ.

Мөн өдөр Бурхан багшийн сэргэг дүрийн хажууд орших “Гэр бүлийн төгөл”-1, 2-ыг Байгаль орчин, аялал жуулчлалын газраас аймгийн НААҮГ-т хүлээлгэн өглөө. Дээрх төглүүдийг 2015 оны тавдугаар сард “Нэг сая мод ургуулах” хөдөлгөөний хүрээнд байгуулж байжээ.

Энэ удаад агч, голт бор, нарс, хайлаас төрлийн 50 гаруй модыг нэмж тарьсан юм. Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат Мод нь тухайн хотын уушиг нь байдаг гэдгийг онцлоод иргэд, ААНБ-иудыг мод тарьж, түүнийхээ арчлал хамгаалалтад анхаарч ажиллахыг уриаллаа.

Хавар, намар хоёр мод тарьдаг өдөртэй болгон зарласнаас хойш буюу 2010-2016 оны хооронд Дархан-Уул аймгийн хэмжээнд есөн цэцэрлэгт хүрээлэн байгуулж6260 гаруй иргэн, 238 ААНБ нийт 60400 мод, 44020 бут сөөг тарьж уг ажилд 65.2 сая төгрөг зарцуулсан байна.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж