Бразилийн Рио Де Жанейро хотноо болсон Зуны XXXI олимпийн наадмыг Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн, таван сэтгүүлч сурвалжилсан билээ. Тэдний нэг болох “Рио-2016” зуны XXXI олимпийн наадамд гэрэл зурагчнаар ажилласан Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, гэрэл зурагчин Ч.Ганбатын олимпийн гэрэл зургийн тайлан үзэсгэлэнгээ спорт сонирхогчдод толилуулж байна.
“Рио-2016 олимп миний дуранд” үзэсгэлэн өчигдөр/2016.10.07/ “Blue mon” арт галерейд нээлтээ хийлээ. Риогийн олимпийн торгон агшныг хальснаа буулгасан энэхүү гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 10-ныг өдрийг хүртэл дэлгэгдэх юм. Олимпийн алтан мөчүүдээр эргэн зочилж, Монголын тамирчдынхаа дахин давтагдашгүй агшныг тольдоорой.
“Рио-2016” зуны XXXI олимпийн наадамд гэрэл зурагчнаар ажилласан Ч.Ганбаттай цөөн хором ярилцсанаа хүргэж байна.
-Энэ удаагийн үзэсгэлэн бусад үзэсгэлэнгээс юугаараа онцлог вэ?
-“Рио 2016” Зуны XXXI олимпийн наадам бол миний хувьд гурав дахь наадам. Өмнөх олимпийн наадмын дараа үзэсгэлэнгээ гаргаж байсан. “Рио-2016 олимп миний дуранд” үзэсгэлэнд баг тамирчдынхаа амжилтын торгон агшнаас гадна бусад ховор агшнууд орсон. Зөвхөн Монголын тамирчид гэлтгүй тэнд болсон ховор агшнуудыг алдахгүй байхыг хичээсэн. Олимпийн сонин сайхнаас гадна уран бүтээл талруугаа хандсан бүтээлүүд тавигдсан. Хөнгөн атлетик, хөлбөмбөг, усан спорт гээд сонирхолтой төрлүүдийн агшин байгаа.
-Дэлхийн хамгийн хурдан хүн Усейн Болтоос эхлээд таны дуранд олон алдартнуудыг агшин буужээ. Тэр торгон агшнуудыг эргээд нэг дурсахад?
-Хөнгөн атлетикийн тэмцээний гайхалтай агшнууд дуранд буусан. Мэдээж дэлхийн хамгийн хурдан хүн Усейн Болтын уралдаан их анхаарал татаж байлаа. Би түүний гурван уралдааныг үзсэн. Мөн ялагдаж үзээгүй Тедди, Японы алдарт бөхчүүд, Оросын уран гимнастикийн алдартнууд гээд их торгон агшнууд үлдсэн байгаа.
-Риогийн наадамд Монголын баг өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон. Та энэ наадмыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Бид Риог олон хүний бүрэлдээхүүнтэй зорьсон. Бүгд л эрхээ аваад очиж байгаа болохоор өрсөлдөөн их хүнд байлаа. Мэдээж хоёр медаль авсан нь хангалттай ч биш ч гэлээ олимпийн дэвжээ ямар хатуу байдгийг бүгд харлаа. Бидний хамгийн их анхаарал тавьж байсан жүдо, чөлөөт бөх байсан. Тэмцээний ялалт, ялагдлын тэр агшинг буулгах нь миний үүрэг байсан. Тиймээс боломжийг алдахгүй байхыг хичээж, ажлаа хийж байлаа. Мэдээж энэ бүгдийн үр дүнд гэрэл зураг түүх болон үлдэнэ шүү дээ. Олимпийн гайхалтай торгон агшинг мөнхөлж байгаадаа баяртай байна.
Чулуунбаатарын ГАНБАТ
Ч.Ганбат нь 20 гаруй жил гэрэл зурагчнаар ажиллахдаа сүүлийн жилүүдэд спортын гэрэл зургаар дагнан мэргэшсэн.
- “Хонконг 2009” Зүүн Азийн наадам,
- “Токио 2010” Жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн,
- “Гуанжоу-2010” Азийн зуны спортын XVI наадам,
- “Парис-2011” Жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн,
- “Лондон-2012” Зуны XXX олимпийн наадам,
- “Тяньжин-2013” Зүүн Азийн наадам,
- “Сочи-2014” Өвлийн XXII олимпийн наадам,
- “Инчён-2014” Азийн зуны спортын XVII наадам,
- “Рио-2016” Зуны XXXI олимпийн наадамд гэрэл зурагчнаар ажилласан.
Ц.Батзориг агсны нэрэмжит “Оны шилдэг гэрэл зураг-2006” уралдааны Спортын сэдэвт төрлийн тэргүүн байр, Монголын гэрэл зурагчдын холбооны “Оны шилдэг гэрэл зураг-2007” уралдаанд чөлөөт сэдэвт тэргүүн байр, “Пресс фото-2012” “Оны шилдэг гэрэл зураг”-ийн уралдааны Гранпри шагнал хүртэж, 2012 онд Монголын үндэсний олимпийн хорооны “Олимпийн алдар” одон, 2014 онд Алтангадас одонгоор тус тус шагнагдсан.
БҮТЭЭЛҮҮД:
- 2009 он: “Миний Улаанбаатар” гэрэл зургийн үзэсгэлэн.
- 2010 он: “Тал хээрээс Тундр хүртэл” гэрэл зургийн үзэсгэлэн.
- 2011 он: “Монгол бөх Гиннест” гэрэл зургийн альбом гаргасан.
- 2012 он: “Үл мартагдах агшин” Лондон-2012 олимпийн тайлан үзэсгэлэн.
- 2012 он: “Монголын аж амьдрал” гэрэл зургийн үзэсгэлэн, БНСУ
- 2014 он: “Сочи-2014” өвлийн олимпийн тайлан үзэсгэлэн.
- 2014 он: “Инчён-2014” Азийн зуны спортын наадмын үзэсгэлэн.
- 2015 он: “Монгол бөхийн өргөө – 20 жил” гэрэл зургийн үзэсгэлэн.
- 2016 он: “Олимп миний дуранд” Рио-2016 олимпийн тайлан үзэсгэлэн.