“Хүлэгү комедийс” болон “Коктейл фильмс”-ийн хамтын уран бүтээл "Гэрлэн дохио" олон ангит инээдмийн уран сайхны кино энэ сарын 3-наас “анивчиж” эхэллээ. “Хүлэгү пикчерс”-ийн уран бүтээлчид өмнө нь “Боловсрол суваг” телевизээр “Гурван найз”, “Мөрдөгч”, “Хөгжилтэй гэр бүл”, “Их хотын залуус” зэрэг олон ангит уран сайхны киног олны хүртээл болгож байсан. Харин энэ удаа “Коктейл фильмс”-ийн уран бүтээлчидтэй хоёр дахь удаагаа хамтран “Гэрлэн дохио” уран сайхны киног хийжээ.
“Гэрлэн дохио” олон ангит киноны найруулагчаар А.Баттүшиг ажилласан бөгөөд киноны гол дүрд “Х-Түц” продакшны жүжигчин Т.Бархүү ганц бие залуу буюу ногоон гэрэл, “Коктейл фильмс”-ийн жүжигчин Д.Энхбаяр 30 гарсан насандаа найз бүсгүйтэй болж буй шар гэрэл, харин жүжигчин А.Өнөржаргал гэр бүлтэй залуу буюу улаан гэрлийг илэрхийлж тоглосон байна. Ийнхүү “Гэрлэн дохио” олон ангит инээдмийн кино нь 30 гарч яваа залуусын амьдралыг улаан, ногоон, шар өнгөөр төлүүлэн маш хөгжилтэй байдлаар үдэш бүрийн 22 цагаас өгүүлнэ.
Дашрамд дурдахад тус олон ангит киноны гол дүр болох жүжигчин Т.Бархүүгийн анхны олон ангит уран сайхны кино ажээ.
А.СҮРЭН