Монголын сонгодог урлагийн их өргөө болсон Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын хамт олон 54 дэх улирлын тоглолтын нээлтийн үеэр Ази, Европ, Америк гэсэн гурван тивийн уран бүтээлчидтэй хамтран ажиллахаар болжээ.
Энэ сарын 8, 9-нд “Жизель” балетаар хөшгөө нээнэ
Тус театрын үндсэн тоглолтын нээлт энэ сарын 8, 9-нд дэлхийн сонгодог бүтээл болох А.Аданы “Жизель” балетаар эхлэх бөгөөд уг балетыг Италийн Милан хотын “ЛаСкала” театрын удирдаач Стефано Салватори удирдах юм.
Балетын гол дүрүүдэд: Жизельд Б.Саруул /СТА/, Г.Батчимэг /СТА/, Альбертад О.Ганцоож /СТА/, Э.Эрдэнэболд, Гансд А.Өлзий-Орших /СТА/, Э.Эрдэнэжаргал /СТА/, Миртад Б.Баасансүрэн /СТА/, 2 Вилис-О.Анужин /СТА/ Г.Батчимэг /СТА/ нар тоглох юм байна.
Шинэ улирлын гурав дахь тоглолт “Кармен” дууриар үргэлжлэнэ
Харин шинэ улирлын гурав дахь тоглолт алдарт Ж.Бизегийн “Кармен” дууриар үргэлжилнэ. Театрын гоцлол болон найрал дуучдаас бүрдсэн 44 уран бүтээлч БНСУ-ын Тэжон хотын дуурийн театрт БНСУ-ын уран бүтээлчидтэй хамтран Ж.Бизе “Кармен” дуурийг дөрвөн удаа тоглож ирээд аравдугаар сарын 15, 16-ны өдрүүдэд өөрийн тайзнаа тоглох юм. Тус дуурийн гол дүрүүдэд: Кармен-М.Дариймаа /СТА/, Р.Доржхорлоо /СТА/, Хозе-Б.Батжаргал, Д.Эрдэнэ-Очир, Эскамильо-Ч.Энхтайван /СТА/, Данкайро-А.Сайнбаяр /СТА/, Э.Анхбаяр/СТА/, Ремендадо-Г.Шижирболд/СТА/, М.Даваадорж, Цунига-О.Хүрэлбаатар/СТА/, Б.Алтанхуяг/СТА/, Моралес-Л.Бүүвэйбаатар, Микаэла-С.Мөнгөнцэцэг /УГЖ/, Б.Энхнаран, Фраскита-Э.Адьяасүрэн, Мерседес-Ш.Наранчимэг /СТА/ нар тоглох ажээ.
УДБЭТ-ын уран бүтээлчид 54 дэх улиралдаа 80 гаруй тоглолт хийнэ
Ийн тус театрын хамт олон тоглолтын 54 дэх улиралдаа 80 гаруй тоглолт, мөн бусад байгууллага, хувь хүмүүстэй хамтарсан 30 гаруй тоглолт хийхээр төлөвлөж байна. Олон томоохон гадаад хамтын ажиллагаанаас гадна урын сангийн бүтээлүүдийн түүхэн ойнууд, Монгол улсад мэргэжлийн найрал дуу үүсч хөгжсөний 70 жилийн ойг тэмдэглэж, шинэ залуу уран бүтээлчдийнхээ тоглолтыг хийхээс гадна хүүхдэд зориулсан тоглолтын хөтөлбөрийг бий болгож байгаагаа дуулгахад таатай байна.
АНУ-ын модерн болон контемпорари бүжгийн уран бүтээлчид ирнэ
Мөн тоглолтын 54 дахь улирлын хүрээнд Монголд анх удаа манай театрын урилгаар АНУ-ын модерн болон контемпорари бүжгийн уран бүтээлчид, балетмейстер хүрэлцэн ирж, УДБЭТ-ын балетын жүжигчидтэй хамтран ажиллаж байна. Цаашид хамтарсан тоглолт хийх ажлыг эхлүүлж байгаа аж.
А.СҮРЭН