Исламын дүрвэгчид нь Европод суурьших боломжгүй, учир нь, тэдний соёл, европчуудын соёл нэг дор зэрэгцэн орших боломжгүй хэмээн Чехийн Ерөнхийлөгч Милош Земан хэлээд дүрвэгчдийг Грекийн хүн амьдардаггүй арлууд эсвэл Хойд Африкийн хүн суурьшаагүй хэсэгт аваачих хэрэгтэй гэсэн санал гаргалаа гэж The Financial Times мэдээллээ. Грекийн Родост өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон “Соёл иргэншлийн харилцан яриа” сэдэвт форумд оролцох үеэрээ Милош Земан энэ саналыг хэлжээ.
Хэрвээ грекчүүд дүрвэгчдийг хүн амьдардаггүй арлууддаа аваачих зардлыг хариуцах юм бол Грекийн өрийг тэглэх хэрэгтэй гэж бас хэлжээ. “Гэхдээ би энд зөвхөн эдийн засгийн дүрвэгсдийн талаар ярьж байна. Мэдээж Сири, Иракт болж байгаа иргэний дайны аймшигт байдлыг ойлгож байна. ОХУ, Беларусс, Украины дүрвэгсдийг би энд оруулахгүй. Бидний соёл иргэншилд исламын соёл огтоос хавьтахгүй учраас би эсрэг байгаа юм” хэмээн Милош Земан хэлжээ.
Дүрвэгсдийн урсгал болон жихадистуудын хооронд холбоо байгаа гэдэгт Земан итгэлтэй байгаа аж. 1930-аад оны Гитлерийн Германы байдлыг судалж үзээд исламын аядуу дагагчид экстремистуудын тусламжтайгаар радикал үзэлтнүүд болон хувирна хэмээн Земан үзэж байгаа юм.
А.ШАРАВ