Орон нутгийн сонгуульд нэр дэвшихээр хүсэлтээ өгсөн Төрийн орон сууц корпораци /ТОСК/-ийн захирал асан, Ардчилсан нам /АН/-ын гишүүн А.Гантулгыг Хан-Уул дүүргийн /ХУД/ Сонгуулийн хороо бүртгэж авсан ч, удалгүй нэр дэвшигчийн бүртгэлээс хасан үнэмлэхийг нь өгөхөөс татгалзсан тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл нийслэлийн Захиргааны хэргийн шүүх шүүх хурлын өмнөх хэлэлцүүлгээрээ А.Гантулгыг нэр дэвшигчээс хасах ХУД-ийн Сонгуулийн хорооны тогтоолыг түдгэлзүүлсэн боловч одоог хүртэл нэр дэвшигчийн үнэмлэхийг нь олгоогүй байна. Энэ тухай болоод ХУД-ийн Сонгуулийн хороо хэд хэдэн хууль зөрчсөн гэх асуудлаар ХУД-ийн АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга А.Цэрэнбаттай ярилцлаа.
-Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх ХУД-ийн АН-аас гаргасан нэхэмжлэлийн анхны хэлэлцүүлгийг хийгээд сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшихээр бүртгүүлсэн А.Гантулгыг нэр дэвшигчээс хассан ХУД-ийн Сонгуулийн хорооны тогтоолыг түдгэлзүүлсэн байна. Ингэснээр А.Гантулга нэр дэвших боломжтой болж, сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлсэн гэсэн үг үү?
-Зөвхөн хуулийнхаа хүрээнд нэр дэвшигчийнхээ сонгуулийн сурталчилгааг эхлүүлж байгаа. Шүүх А.Гантулгын сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлэх эрхийг нь нээж өгсөн. Гэхдээ Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх өнөөдөр /2016.10.04/ хуралдаж, А.Гантулгыг нэр дэвшигчийн бүртгэлээс хассан ХУД-ийн Сонгуулийн хорооны тогтоолыг хянан хэлэлцэнэ.
-ХУД-ийн Сонгуулийн хороо ямар үндэслэлээр А.Гантулгыг нэр дэвшигчийн жагсаалтаас хассан юм бэ? ХУД-ийн АН-д албан ёсны тайлбар хийсэн үү?
-МАН-аас ирсэн гомдлыг үндэслэн А.Гантулгыг нэр дэвшигчийн жагсаалтаас хаслаа гэсэн тогтоолыг манайд ирүүлсэн. Өөрөөр хэлбэл манай намын гишүүнийг ямар үндэслэлээр хассан бэ гэдгээ ХУД-ийн Сонгуулийн хороо тогтоолдоо бичээгүй байсан. Миний олж мэдсэнээр МАН-аас буюу өрсөлдөгч талаас А.Гантулгыг нийслэлийн ИТХ-ын сонгуульд өрсөлдөхөөр албан тушаалаа өгсөн мөртөө сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүллээ гэж буруутгасан байна билээ. Гэхдээ ХУД-ийн Сонгуулийн хороо энэ шалтгаанаа тодорхой бичээгүй үндэслэл бий л гэж тогтоолдоо бичсэн байсан.
-ХУД-ийн Сонгуулийн хорооноос А.Гантулга нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн захирамжийг барьж очоод нэр дэвшигчийнхээ үнэмлэхийг авч болно гэж үү?
-Тиймээ. Бид шүүгчийн захирамжийг дүүргийн Сонгуулийн хороонд авч очоод намынхаа нэр дэвшигчийнхээ үнэмлэхийг авах боломжтой. Өөрөөр хэлбэл ХУД-ийн Сонгуулийн хорооны өнгөрсөн сарын 05-ны өдөр А.Гантулгыг нэр дэвшигчээр бүртгэсэн тогтоол нь хүчинтэй. Нэр дэвшигчээс хассан тогтоол нь хүчингүй болсон гэсэн үг. Гэтэл 10 дугаар сарын 03-ны өдөр дүүргийн сонгуулийн хороо шүүгчийн захирамжийг хурлаараа авч хэлэлцэн нэр дэвшигчийн үнэмлэхийг олгохгүй гэсэн тогтоол гаргалаа. Энэ ч мөн адил хууль зөрчсөн асуудал болж байна.
-Танай намын зүгээс ХУД-ийн Сонгуулийн хороонд шаардлага хүргүүлсэн гэсэн. Зөвхөн дээрх асуудлаар уу эсвэл өөр маргаантай зүйлс байна уу? Бие даагч нарыг бүртгэхдээ хууль зөрчсөн гэсэн?
-Бие даагчдыг бүртгэх хорооны хурал хуулийн хүрээнд болоогүй, 9 гишүүнээс 6 нь оролцож хүчин төгөлдөр болох ёстой. Гэвч 5 хүн хуралдаж баталсан байсан Оролцоогүй 4 гишүүн өөрсдөө тухайн хуралд суугаагүй гэдгээ нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд тайлбарласан байсан. Гэхдээ энэ асуудал шүүхээр эцэслэн шийдэгдээгүй байна. Иймээс удаа дараа нэг талын байр сууринаас асуудалд хандаж, шийдвэр гаргаж буй ХУД-ийн Сонгуулийн хороонд мэдэгдэл хүргүүлээд байгаа. Мөн Төрийн албаны зөвлөл, Нийслэлийн Сонгуулийн хороонд гомдол гаргасан. Хууль зөрчсөн ХУД-ийн Сонгуулийн хороог хяна, хуулийн дагуу ажиллуул, эсвэл огцруулаач гэж шаардлага тавьсан.
Д.ЭРДЭНЭ