Хуучирсан мэдээ: 2016.10.04-нд нийтлэгдсэн
Д.Баттулга АН-ын дүүргийн сонгуулийг удирдахаар боллоо
- Орон нутгийн буюу сум, дүүргийн сонгууль сурталчилгаа өнгөрсөн Бямба гаригт эхэлсэн. Сонгуулийн санал хураалт энэ сарын 19-ны Лхагва гаригт 07.00-22.00 цагийн хооронд болно. Энэ өдөр бүх нийтээр амрах юм. Энэ удаагийн сонгуульд есөн нам, нэг эвсэл оролцож буй. Тодруулбал, 21 аймгийн 1613 баг, нийслэлийн есөн дүүрэг 152 хорооноос нийт 7282 төлөөлөгч сонгогдох бөгөөд нийтдээ 15212 нэр дэвшигч өрсөлдөж байна.
- Бэлдэц нь дууссан шалтгаанаар гадаад паспортыг өнгөрсөн саруудад хэвлэхгүй байсан юм. Тэгвэл энэ долоо хоногоос хэвийн хэвлэж эхэллээ. Оюуны өмч, Улсын бүртгэлийн газар энэ сараас иргэдийн гадаад паспорт гаргуулах яаралтай захиалгыг хоёр хоногт, энгийн захиалгыг 5-7 хоногт багтаан хэвлэж эхэлснээ мэдэгдлээ.
- УИХ-ын намрын чуулганыг нээлээ. Чуулганы нээлт гишүүдийн 67 хувийн ирцтэйгээр эхэллээ. Мөн чуулганы нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, гадаад улсуудаас Монгол Улсад суугаа Элчин сайд нар оролцлоо. УИХ-ын дарга М.Энхболд намрын чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Долоо дахь удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан намрын чуулганаа нээлээ. Эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байна. 2016 онд эдийн засгийн өсөлт 0.1-0.6 хувь хүрэхээр байгааг олон улсын байгууллагууд анхааруулсан. Ажилгүйдлийн төвшин хоёр оронтой тоонд шилжлээ. Иргэдийн худалдан авах чадвар буурсны зэрэгцээ дефляци бий боллоо. Иймээс богино хугацаанд эдийн засгийн хямралыг даван туулах, Засгийн газар томоохон орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг оруулж ирэхэд УИХ нээлттэй болохыг мэдэгдэж байна” гэжээ.
- Өнгөрсөн Бямба гаригаас хятадын юань дэлхийн нөөцийн валютын нэг боллоо. Олон улсын валютын сан өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 30-нд хятадын юанийг элит валютын сагсанд бүртгэн авахаар шийдвэрлэсэн бөгөөд энэхүү шийдвэр нь энэ 2016 оны аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж байгаа юм. БНХАУ-ын зүгээс юанийг ОУВС-гийн нөөцийн сагсанд оруулах ажлыг сүүлийн хэдэн жил уйгагүй хийсэн. Юань ийнхүү дэлхийн элит валют болсоныг ОУВС-гийн тэргүүн хатагтай Кристин Лагард өнгөрсөн Баасан гаригт /2016.09.30/албан ёсоор зарлалаа. Үүнд зориулж ОУВС видео ролик хүртэл хийлгэн олон нийтийн сүлжээгээр цацлаа. Хатагтай Кристин Лагард “түүхэн үйл явдал“ хэмээн тодорхойлжээ.
- Ардчилсан намын сонгуулийн төв штаб өнөөдөр хуралдаж, Нийслэлийн дүүргүүдийг хариуцсан сонгуулийн менежерээр Д.Баттулгыг томилжээ. Тэрбээр өнгөрсөн дөрвөн жил Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байсан юм. Энэ хугацаанд Улаанбаатар хотыг хөгжүүлэх, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх хүрээнд олон даацтай шийдвэрүүд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарч, хот хэрэгжүүлж байв.
- “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлалтай холбоотой асуудлыг нягтлах ажлын хэсгийн хуралдаан өчигдөр үдээс хойш болсон юм. Уг хуралдаанаас 49 хувийн хувьчлалтай холбоотой асуудлаар дүгнэлт гаргажээ. Ингэхдээ өмнөх Сангийн сайд Б.Болорын гаргасан тушаал хууль зөрчсөн гэж үзсэн байна. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж өнгөрсөн долоо хоногт сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банкны харьяа “Монгол зэс” компанид шилжүүлэхтэй холбоотойгоор Сангийн сайд Б.Болор хоёр нууц тушаал гаргасан. Уг тушаалаар дээрх үйлдвэрийн 49 хувь “Монгол зэс” компанид үнэгүй шахам очсон. Мөн Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг эзэмшиж байгаа ч эрх мэдэлгүй болсон зэрэг ноцтой асуудал байна. Энэ луйврыг Засгийн газар судалж, нягтлах ёстой” гэж мэдэгдэж байсан юм.
- АНУ-ын Чикаго хотод амьдардаг хоёр монгол залуу нэгнээ хутгалж, хүнд гэмтээсэн талаар эх сурвалж мэдээллээ. Монгол Улсын иргэн 35 настай Б нь өчигдөр орой орон нутгийн цагаар 00:00 цагийн орчимд /2016.10.02/ нэг өрөөнд хамт амьдардаг 23 настай залуутай үл ойлголцсоны улмаас хэвлийн тус газар нь хутгалсан тухайгаа Чикаго хотын цагдаагийн байгууллагад байцаагдах явцдаа хэлсэн байна. Сэжигтэн Б-г цагдаа нар түр саатуулан, байцааж буй юм. Харин хэвлийн тус газраа шарахдсан залуу Иллинойс дахь Масоны эрүүл мэндийн төвд хүргэгдэн очиж, яаралтай хагалгаанд орсон байна.