Бэлдэц нь дууссан шалтгаанаар гадаад паспортыг өнгөрсөн саруудад хэвлэхгүй байсан юм. Тэгвэл энэ долоо хоногоос хэвийн хэвлэж эхэллээ. Монгол Улсын иргэд гадны улсад зорчих эрхийн паспортын бэлдцийг ХБНГУ-ын хэвлэлийн компани хариуцан ажилладаг байжээ. Гэтэл сүүлийн хоёр жилд гадаад паспорт захиалах иргэдийн тоо 70 мянгаар нэмэгдэж, гадаад паспортын хэвлэлд зориулсан төсвийн хөрөнгө хүрэлцэхээ больж, бэлдэц бэлтгэдэг ХБНГУ-ын компанид дахин паспортын бэлдэц хийх мөнгийг Сангийн яамнаас гаргаж өгөхгүй удсан аж. Энэ шалтгааны улмаас өнгөрсөн гурван сарын хугацаанд гадаад паспорт хэвлэх ажил доголдоход хүрсэн тухай эх сурвалжууд мэдээлж байсан юм. Тэгвэл Оюуны өмч, Улсын бүртгэлийн газар энэ сараас иргэдийн гадаад паспорт гаргуулах яаралтай захиалгыг хоёр хоногт, энгийн захиалгыг 5-7 хоногт багтаан хэвлэж эхэлснээ мэдэгдлээ.
Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт жилд дунджаар 120 мянган иргэн гадаад паспорт авахаар ханддаг. Харин энэ оны эхний долоон сард 122 мянган иргэн паспортын захиалга өгсөн байжээ. УИХ-аас төсөвлөсөн мөнгө нь хүрэлцээгүй болоод өмнөх удирдлагын буруутай шийдвэрээс болж ийнхүү зуны гурван сарын хугацаанд паспортын хэвлэлт хүлээгдэж, иргэдийг урт дараалалд зогсоосон гэдгийг дарга Р.Содхүү тайлбарласан юм.
Д.УЛАМБАЯР
Зураглаач Н.БАТМӨНХ