-ХУД-ийн Сонгуулийн тойргийн хороог хуулийн дагуу ажиллахыг шаардлаа-
Орон нутгийн сонгуулийн сурталчилгааны хуулийн хугацаа эхлээд хоёр хонож байна. Гэтэл ХУД-ийн иргэдийн хурлын сонгуулийн 12 дугаар тойрог буюу Биокомбинатад АН-аас нэр дэвшигч Аюушийн Гантулгын нэр дэвшигчийн үнэмлэхийг өнөөдрийг хүртэл дүүргийн сонгуулийн тойргийн хороо олгоогүй байна гэдэг асуудлаар АН-ын хуулийн хэлтсийнхэн болон ХУД-ийн АН-ын ХЭГ-ын төлөөлөгчид өнөөдөр хэвлэлд хандлаа. Тэд ингэхдээ ХУД-ийн сонгуулийн тойргийн хороонд хамт хандсан юм.
Өнгөрөгч есдүгээр сарын 20-ны өдөр ХУД-ийн сонгуулийн тойргийн хорооны 08 дугаар тогтоолоор нэр дэвшигчээр бүртгүүлсэн А.Гантулгыг нэрсийн жагсаалтаас хассан юм. Энэ шийдвэрийн дагуу Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд А.Гантулга бие төлөөлөгчөөрөө дамжуулан гомдол гаргаж шүүхийн шийдвэр 9 дүгээр сарын 29-ний өдөр сонгуулийн тойргийн хорооны шийдвэрийг түдгэлзүүлэхээр шийдвэр гарсан юм.
ХУД-ийн АН-ын хэрэг эрхлэх газрын дарга А.Цэрэнбат:
“Шүүхийн шийдвэр түдгэлзүүлэхээр гарсан тохиолдолд хуулийн дагуу сонгуулийн тойргийн хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг олгох ёстой. Мөн үүнээс гадна сонгуулийн сурталчилгаа нэгэнт эхэлсэн бол сонгуулийн тойргийн хороо амралтын өдрөөр ч хамаагүй ажиллах ёстой ч өнгөрөгч баасан гаригаас ХУД-ийн АН хүсэлт тавьсан ч хагас бүтэн сайнд амарч байна гэсэн шалтгаанаар ажилдаа ирсэнгүй. Харин өнөөдөр тойргийн хорооны хурал зарлаж шүүхийн шийдвэрийг хэлэлцэх гэж байна. Шүүхийн шийдвэрийг тойргийн хороо хэлэлцдэг тохиолдол гэж байхгүй. Анх удаа шахуу ийм үйл явдал болж байна” гэлээ.
Б.БАТ