Улаанбурханы вакциныг нийслэл, таван аймагт хийнэ

Хуучирсан мэдээ: 2016.10.04-нд нийтлэгдсэн

Улаанбурханы вакциныг нийслэл, таван аймагт хийнэ

Улсын хэмжээнд өнөөдрөөс дархлаажуулалтын 10 хоногийн аян эхэлж байна. Энэ хүрээнд вируст хепатитын болон улаанбурхан өвчний эсрэг гурав дахь шатны дархлаажуулалтыг хийж эхэлж байгаа юм.

Энэ удаад зургаан сартай хүүхдүүдийг улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамруулж байна. Зургаан сартай хүүхдэд нийслэлээс гадна таван аймагт вакцинжуулалт хийхээр болжээ. Тухайлбал, Дархан, Сэлэнгэ, Орхон, Булган, Хөвсгөл зэрэг аймагт зургаан сар хүрсэн хүүхдийг улаанбурхан өвчний эсрэг сэргийлэх тарилгын тэг тунгаар хийх юм. Гэхдээ энэ удаад зургаан сартай хүүхдэд улаанбурханы эсрэг вакцинжуулалт хийх ч дараа нь есөн сар болон хоёр настайд нь улаанбурхан гахайн хавдар, улаанууд өвчний эсрэг вакцинд давхар хамруулна гэдгийг эцэг эхчүүдэд санууллаа.

Өмнө нь улсын хэмжээнд нэмэлт дархлаажуулалтын хүрээнд 18-30 насны залуучуудыг вакцинд хамруулж байсан. Тэгвэл энэ удаад дээрх насны залуусыг вакцинаар нөхөн хангана. Мөн тав хүртэлх насны хүүхэд, эрүүл мэндийн ажилтнуудыг улирлын томуугийн вакцинд хамруулна гэж мэдээллээ. Энэ хугацаанд улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалтад сайн дураар хамрагдаж болно.

Өнөөдрийн байдлаар улаанбурхан өвчнөөр оношлогдож, эмнэлэгт хэвтсэн тохиолдол байхгүй аж. Өөрөөр хэлбэл, нэг үеэ бодвол дэгдэлт харьцангуй буурчээ. Долоо хоногт 6-9 сэжигтэй тохиолдол есөн сар хүртэлх насны хүүхдэд илэрч байгаа гэлээ. Гэхдээ лабораторийн шинжилгээгээр улаанбурхан өвчин гэж тогтоогдоггүй байна. Өнгөрсөн оны хувьд улаанбурхан өвчний вакцинд бага насны хүүхэд, мөн 18-аас дээш насны залуусыг 93 хувьтай хамруулсан байна.

Үүнээс гадна улсын хэмжээнд улаанбурхан өвчний дархлал тогтолцооны талаар судалгаа явуулахаар болжээ. Энэ сарын 22-ноос тус судалгааг улсын хэмжээнд эхлүүлж 6030 өрхөөс авах юм байна. Ингэхдээ 35 хүртэлх насны иргэнээс цус авч, улаанбурханы эсрэг дархлалын тогтолцоо хэр байгааг судлах юм байна. Улмаар аль насныхныг дархлаажуулж, вакцинд хамруулах шаардлагатай байгааг тогтоохоор болжээ.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж