Төрөх эхийг чимхсэн зүйл болоогүй хэмээн тайлбарлав

Хуучирсан мэдээ: 2016.10.03-нд нийтлэгдсэн

Төрөх эхийг чимхсэн зүйл болоогүй хэмээн тайлбарлав

Амаржсан эхийн гуяыг яаралтай түргэн тусламжийн эмч хөх няц болтол чимхсэн зураг өнгөрсөн долоо хоногт олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Энэ асуудлаар Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Түргэн тусламжийн төв, “Өргөө” амаржих газрын эмч нар өнөөдөр /2016.10.03/ мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Түргэн тусламжийн 103 төвийн дэд захирал С.Ариунболдын хэлснээр тус дуудлага өнгөрсөн есдүгээр сарын 27-ны өдрийн 10:57:55 цагт Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 103 утсанд иржээ. Дуудлагыг Сонгинохайрхан дүүргийн салбар хүлээж авч, хамгийн ойр явж байгаа эмч, түргэний машинд дуудлагыг дамжуулсан байна. Дуудлагын эмч тухайн айлд есөн минутын дараа очиж, эхийн биед 5-8 минут үзлэг хийгээд, эхийг түргэний машинаар тээвэрлэн авч явсан. Ингээд 16 минутын дараа “Өргөө” амаржих газарт ирсэн бөгөөд төрөх эмнэлэг хүрэх явцдаа эхэд сэтгэл заслын эмчилгээ хийсэн байсан. “Олон нийтийн сүлжээгээр тархсан шиг эхийг хөх няц болтол яихмсэн зүйл байгаагүй. Манай дүрэм журмын дагуу түргэн тусламжийн эмч нар хумсаа урт ургуулахыг зөвшөөрдөггүй. Мөн эхийн биед халдсанаас хойш тийм хурдан хугацаанд хөхрөлт үүсэхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье” гэв.

Дуудлагаар очсон эмч Г.Алтанчулуун эхтэй дүрэм журмын дагуу харьцсан гэсэн мэдээллийг өглөө. “Дуудлагын дагуу очиход үйлчлүүлэгч шалан дээр өвдөглөж суугаад хоёр хөлөн дээрээ гараа тавьсан байсан. Би үзлэг хийгээд эмнэлэгт хүрч амжих юм байна гэдэг дүгнэлт хийсэн. Ингээд эмнэлэг рүү авч явсан. Эх носилк дээр сууж явахыг хүссэн. Би эхийн өөдөөс нь харж суугаад зүүн талаас нь түшиж явсан. Охин нь баруун талаас нь түшиж явсан. Энэ хугацаанд 4-5 удаа өвдөлт өгсөн. Би энэ үед “Гүнзгий амьсгаа аваарай, тайван байгаарай” гэдэг сэтгэл заслын зөвлөгөө өгсөн. “Өргөө” амаржих газарт тодорхойлолт бичиж өгөөд эмчид хүлээлгэн өгсөн. Би өмдийг нь тайлж хараагүй” гэлээ.

Эхийг хүлээж авсан “Өргөө” амаржих газрын их эмч А.Ганчимэг мөн болсон явдлын талаар ярьсан юм. “Тухайн өдөр би хүлээн авч, төрөлтийг удирдсан. Эх хүүхэд эсэн мэнд амаржсан. Болсон үйл явцыг танилцуулбал, эхийг хүлээн авсныхаа дараа яаралтай орон дээр гаргаж үзлэг хийхэд эхийн умайн хүзүү бүрэн нээгдэж, төрөх явц эхэлсэн байсан. Эх хүлээн авахаар насилктай орж ирснийхээ дараа өөрөө хөлөөрөө босож явсан. Тиймээс төрөх гээд толгой нь цухуйсан байсан гэдэг мэдээлэл худал юм. Орон дээр гаргах гээд хувцсыг нь тайлж эхлэхэд эх дүлж эхэлсэн. Хувцсыг нь тайлах явцад эхийн гуя орчмоор улайж, хөхөрсөн байдалтай байсан. Учрыг нь лавлахад, 103 түргэний эмч чимхсэн гэхээс өөр юм хэлээгүй. Зарим эх өвдөлтөө даван туулахын тулд өөрийнхөө базаж чимхэх тохиолдол гардаг. Гэхдээ энэ нь тухайн хүний онцлогоос шалтгаалдаг юм. Би гурван жил эх баригч эмчээр ажиллаж байна энэ хугацаанд гуя нь ингэж хөхөрсөн ээж ирж байгаагүй” хэмээн ярилаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж