Монголын хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Үндэсний дээд лиг өнгөрсөн жил нэрээ “Хүрхрээ” болгон шинэчлэсэнээс хойш их зүйл өөрчлөгджээ.
Нийт 120 сая төгрөгний шагналын сантайгаар зохиогдох болсон “Хүрхрээ” үндэсний дээд лиг, улсын хэмжээнд зохиогдож буй спортын уралдаан, тэмцээнүүдээс хамгийн өндөр шагналын сантай нь болсон. Түүнчлэн Дээд лигийн сүүлийн хоёр, доод лигийн эхний хоёр баг буйраа сэлгэдэг системд шилжсэн нь тус хоёр тэмцээнийг улам сонирхолтой болгов.
Анхны жилээ зохиогдсон “Хүрхрээ” нэгдүгээр лигээс дээш дэвших хоёр багийн нэг нь “Хангарьд сити” хэмээх баг байсан ч санхүүгийн асуудлаас болоод зорилгоо биелүүлж чадахгүйд хүрсэн. Харин тэдний дээд лигт өрсөлдөх эрхийг 15 сая төгрөгөөр худалдан авч, хөлбөмбөгийн ертөнцөд нэг ч гэсэн багийг аварч үлдсэн нь “Магнай Трейд”-ын Г.Дашням байлаа.
Түүний үүсгэн байгуулсан шинэхэн багийн нэр нь “Улаанбаатар сити” байж, нийслэлээрээ овголсон дөрөв дэх багийг үндэсний дээд лигт сойх болсон. Баг бүрдүүлэлт “Хүрхрээ” үндэсний дээд лиг эхлэхээс хоёр сарын өмнөөс явагдаж эхэлсэн. Ингээд хүсэн хүлээсэн мөч ирэхэд “Улаанбаатар сити”-ийн бүрэлдэхүүнд бэртлийн улмаас “Сэлэнгэ Пресс”-ийн гарааны эрхээ алдсан төвийн хамгаалагч М.Алтанхүү ахлагчийн туузтайгаар шинэ багийг удирдах болсон байлаа. Түүний ахалж буй багт “Арвис” багийн лидерүүдийн нэг байсан А.Лхагвасүрэн, “УБ Унаганууд”-ын бүтээгдэхүүн М.Батхишиг, “Хангарьд сити” багаас үлдсэн Б.Төгсбилэг, Д.Анхбаяр гэсэн Монгол тоглогчид байсан. Харин лигийн багт заавал байх ёстой легионер тоглогчид нь ОХУ-ны гуравдугаар девизоны баг “Чита”-аас ирсэн С.Артём, Н.Р.Алексей болон Монголын хөлбөмбөгт хэдийнээ өөрийгөө таниулж чадсан Ислам Хамхоев нар байв. Бусад нь ихэвчлэн шинэ залуу, авъяаслаг тоглогчид байсан ба олны анхаарлыг татаж байсан нэгэн бол Итали хаалгач Ратто Жиакома юм.
Байгуулагдаад жил ч болоогүй баг үндэснийхээ дээд лигт хүч үзэх содон үйл явдал өнгөрөгч тавдугаар сараас эхэлсэн бөгөөд “шинэ цэргүүд”-ийг бас ч болохгүй гэдэг нь эхний хэдэн тойргоос харагдсан. Хэдий чадварлаг бүрэлдэхүүнтэй ч туршилага гээч дутаж жигд тоглолтуудыг үзүүлж чадаагүйн улмаас хүснэгтийн найм дугаар байрт бичигдэж байна. Гэхдээ “Хотынхон”, “Хүрхрээ” үндэсний дээд лигт шинэ өнгө төрх нэмж, бусад багуудад байхгүй өөрсдийн гэсэн хэв маягийг бий болгож чадсан. Энэ бол хөгжөөн дэмжигч, үзэгчид юм. Урьд хожид лигийн тэмцээнийг үзэх гэж ирсэн хоёр багийн хөгжөөн дэмжигчид 500 хүрдэггүй байсан бол энэ улиралд зөвхөн “Улаанбаатар сити”-г дэмжих гэж олон олон хөлбөмбөг сонирхогчид МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнг зорих боллоо.
Өнгөрсөн улиралд “Улаанбаатар”, “УБ Унаганууд”-ын тоглолтыг үзэх гэж 750 орчим хөгжөөн дэмжигчид МХБХ-ны цэнгэлдэхэд цугласан. Харин хоёр хоногийн өмнө болсон “Улаанбаатар сити”, “Эрчим” багуудын тоглолт дээр “Сити”-ийн 800 орчим хөгжөөн дэмжигч иржээ. Хөлбөмбөгийн хөгжилд хамгийн чухал нөлөө үзүүлдэг зүйлсийн жагсаалтад дээгүүр бичигдэх хөгжөөн дэмжигчдийн тоо “Улаанбаатар сити” багийг даган Монголын хөлбөмбөгт нэмэгдсэн нь 2016-2017 оны “Хүрхрээ” дээд лигийн онцлох үйл явдалуудын нэгт зүй ёсоор багтана. Бөмбөг бөөрөнхий учираас хөлбөмбөгт хэн нь ч ялж болдог гэдэг ч хожил хааш эргэхийг шийдэж чаддаг хүчтэй нөлөөлөл бол хоолой мэдэн дуулах хөгжөөн дэмжигчид байдаг. Тиймээс “Улаанбаатарын үдэш” дууг өөрсдийн сүлд дууллаа болгосон “Хотынхон”-ы фанатууд Монголын хөлбөмбөгийг сонирхох мянга мянган хөгжөөн дэмжигчдийн эхлэл гэдэг нь дамжиггүй билээ.